|О.Цэнд-Аюуш “Хүйтэн тууж” номын тухай|

Бүтээл гэдэг албадмал хүчээр цоо шинэ болдоггүй. Энэ нь хуучнаа давтах тухай ойлголт бас биш билээ. Гол нь шинийг бийрлэхийн тулд хуурмаг зугаа төдийхнөөр үгтэй наадаж болохгүй гэсэн санаа төдийхөн. Юмс үнэн эсвээс хатуу тусам хэчнээн арьс хөрзийж, бодол царцмаар санагдсан ч гагцхүү чухам юуны тухай, хэрхэн өгүүлэх вэ гэдгийг уран бүтээлч өөрөө сайтар мэдэж буй аваас туурвил зүйн хувьд ч ямархан хүчтэй бичлэгийн хэлбэр, эрэлхийлэл илрэн гарч болохыг зохиолч, яруу найрагч О.Цэнд-Аюушийн “Хүйтэн тууж” номын “Том ах” туужаас бэлхнээ харж болно.

Тэрээр энэхүү туужийн бүтээлээс өмнө “Тас чамайг тасчих болтугай...” хэмээх өгүүллэгийн түүврээ хэвлүүлсэн юм. Уг түүвэрт “Мангасын яриа”, “Нулимсны наймаа” зэрэг бичвэрийн хувьд тун өвөрмөц хэд хэдэн бүтээл бий. Бидний оноон нэрлэдэг зүйлс, жам ёсны тухай асуултууд, эргэж эзнээ онох үйлийн үр, монгол хүний үхэлд хандах хандлага зэрэг нь түүний бүтээлүүдийн гол сэдэв, санаа цаашлаад агуулгыг тодорхойлдог.

Мэдээж сэдэв, өгүүлэмж, үйл явдлын өрнөж буй орчин ахуй нь бидний хувьд танил эсвээс бусад хүмүүсийн магад хэзээ ч үзэж, сонсоогүй тийм зүйлс. Учир нь манай уран зохиол ч орчин үе гэх тодотголыг зүүж эхэлснээс хойш магад нэгэн зууныг улирааж буй. Өнгөрсөнд үлдээсэн түүх, дурсан санахын учигт оюун санаа орооцолдовч тэр бүхнийг оршоосон ахуй бүрнээ өөрчлөгдөх үест уран бүтээлчийн туурвил зүй, сэтгэлгээний түвшинд ч шинэчлэл үүсдэг нь жам ёсных ажээ.

ТАНИЛ БУС ЭХЛЭЛ

“Бор гүү хэнз хээр унаганыхаа нялх дэлийг шархийтэл нь зулгааж ширхийтэл нь зажлав. Чичирч зогссон хээр унага тэсхийн аргагүй өвдөлт мэдрэн, дороо тонгочиж, хээр хөдөө харанхуй шөнө галзуурч үхсэн арван зургаатай онгон охины дунд чөмгөөр хийсэн ганлин хөгжмийн хахиун жихүүн дуу шиг чарлалаа. Том ах Додуухай руу харав. Додуухай Том ах руу ярзайв. Тэдэнд ямар ч арга үлдсэнгүй. Байсан ганц аргаа хэрэглэсэн нь ийм арзасхиймээр дүр зургийг бий болгожээ”. /“Том ах” 11-р тал/

Энэ эхлэлийг зургаан өгүүлбэрээр нь бүтэн сугалж, жишээлэх шалтгаан зайлшгүй тулгарлаа. Адуу гэдэг амьтан үр төлдөө хэчнээн хайртай, харамлаж, газар цавчлан тургиж байдаг сан. Гэтэл бор гүү хэнз хээр унаганы дэлийг шувт татжээ. Унага чичирч зогссоныг бодоход хүйтэн, жихүүн ахуй байсан нь шууд мэдрэгдэнэ. Ямартаа ч тэнд адуу дүрслэгдсэн учраас эхэнд гарах Додуухай, Том ах хоёрын дүр адуучид болов уу гэсэн таамаглал уншигчдад үлдэнэ. Тэд өөрсдөд үлдсэн ганц аргыг хэрэглэсэн нь бор гүү, хаврын сүүл сард оройтож гарсан хэнз унаганыхаа дэлийг тас татах арзасхиймээр дүр зургийг өмнө нь үзүүлжээ.

Ийм танил бус эхлэлтэй тууж уншилгүй удсан аж. Эхлэлээс өгсүүлээд төгсгөл хүртэлх бичлэгийн хурц хэлбэр, дүрүүдээ нидрээд л өнгөрөх зураглалууд уг туужийн туурвил зүйн гол цөмийг бүрдүүлнэ.

Хоёр адуучин өөрсдийн болон нутгийн иргэдийн гуйж гувшиж өгсөн 600 гаруй адуу туугаад оторт гарахдаа уулын хярын хэрмэн хаданд шуурганаас нөмөрлөн хоргодосноос үүдэж, гарах хаалга нь их мөсөн хунгарт дараатай, цоожлогдсон нь энэ. Харин тэднийг сэрэхэд адуу, адууныхаа дэл, сүүлийг идэж байлаа. Гагцхүү азарганууд л бусад морьд, гүү, даага, шүдлэнд хүрсэнгүй. Сүргийн манлай болсон тэдний хур их сүүл, газар шүргэсэн урт дэлийг үр мал нь зулгааж байхад толгой гудайн зогсох аж. Мөн хэрмэн хад руу чонын сүрэг орж ирэхэд азарганууд л хамгийн түрүүнд тэдний өмнөөс хориглож, өөрсдийн үхлийг тосож авна. Чухам энэ талаар өгүүлж болох олон жишээ баримт хөдөө буйдад бий.

Гол нь жишээ, баримтыг туужийн хүүрнэл дундуур оруулах бүрд бичлэгийн хурц хэлбэрийг зөөллөж, Додуухай, Том ах хоёрын дурсамжийн манангаар хүйтэнд сөхөрч, туйлдсан хүн мал, араатны ширүүн тэмцлийг зарим газарт хулдаж байсан нь зохиолчийн туурвил зүйн онцлог юм.

АГУУЛГЫГ АХИУЛВААС

Нөгөөтээгүүр өгүүлэмж эхлэхээс өгсүүлээд хүүрнэж буй бичлэгийн хурц хэлбэр, нуршиж явгалаагүй хурдтай хэмнэл, мохоо үзүүр үл мэдрэгдэх хэлний хоршил гурав “Том ах” туужийг нүүдэлчдийн аж төрөхүйн буулганд дарагдсан, өдөр тутмын үйл хөдлөлийг үг үсэггүй хүүрнэх усан зохиолуудаас эрс ялгаатай чанарт хөтөлж байв. Туужийн агуулгад тодрон гарч ирэх дүрүүд нь хоёр эрээс гадна адуу болоод чонын сүрэг. Гэвч тэдгээр дүрүүдийг байгаль эсвээс хүний оршихуйн жам ёсны мөхлөгтэй эрс сөргүүлж, ихэнхдээ харгалдуулан зохиомжилсны хойно дүрийн оюун санаанаас ургах дурсамжийн манангаар хулдах зэргээр нягт нямбай мэтгэн урласан нь ч дээр хөндсөн сэдвийн хувьд илтэд тод жишээ болно.

Цаашлаад үйл явдлыг тоочин бичихийн сацуу барьж авсан сэдвээ гүнзгийрүүлж, агуулгыг нээснээр “ухаарал” хэмээн тодотгоод орхиж болохуйц мөрүүд нь зохиолчийн туурвил зүйн онцлогыг, бүтээлийн цар хүрээг ч цардсан цаасыг сэтлэн урах шиг тэлж өгнө. Гэхдээ хэмжээ хязгааргүйгээр бус тулаад зогсох цэгтэй. Тэр нь яг л хэрмэн хадны нөмөр бараадаж, цасан хунгарт түгжигдсэн адуун сүрэгтэй адил. Ингэж тулсан өгүүлбэр цааш үргэлжлэхэд бэрх. Тэгсэн атал зохиолч О.Цэнд-Аюуш символист бодролуудаар хулдаж орхисон реалист өгүүлэмжээ цааш ямар нэгэн саадгүйгээр хөврүүлж туужийн цөм болсон өгүүлэмжтэй ахин дахин аваачиж харгалдуулсан нь хурц хэлбэрийн бичлэгийг бий болгож, зогсоогоороо үхсэн адуунууд шөнийн харанхуйд түсхийн унах шиг их чимээ уншигчид хэдэнтээ сонстох мэт болно.

“Амьдрал, шөнө хоёр адилхан зүйл байжээ. Хоёулаа харанхуй учир тэмтрэх хэрэгтэй болно. Тэмтэрч яваад аз таарвал амьд үлдэнэ, эс бөгөөс амь үрэгдэнэ. Харин тэр шөнө Том ах, Додуухай хоёр адуун сүргээ тэмтэрч байлаа” /“Том ах”, 45-р тал/

Ерөөс тууж эхлэх цэгээс л тэд анх хааш чиглэх, хэнийг ч гомдоолгүй адууг нь авч оторлох, хярд гарах, адуу нэгнийхээ дэл сүүлийг идэх, унаж явсан хул хээр, шарга халтар морьдыг “адуу” хэвээр нь авч үлдсэн эд, Том ахын чонотой тулах, түүний дурсамжинд амилсан Удгаагийн чонын бэлтрэгтэй холбоотой бэтэг, гичий чонын гэрэлтэх хэвэл, азарганууд түрүүлж араатны ам руу эрслэн орж, агт морьд цээжээ зулгалан цас тэмтчих зэрэг бүхий л үйл явдлууд ар араасаа дуусашгүй мэт хөврөх харанхуй дунд хоёр адуучин эхнээсээ л тэмтчиж явсан билээ. Тэд адуун сүргээ, басхүү өөрсдийгөө тэмтэрч явав. Ахиулж орхисон уг агуулгыг төгсгөлд бүрэн тайлах учир ингээд орхиё.

МЭДРЭГДЭЖ БАЙГАА ОРШИХУЙ

Энэхүү дэд гарчиг уран зохиол гэхээс илүүтэй философид хамаатай. Гэвч “Том ах” туужийн гол үйл явдлыг сугалахад философиос нэг өгүүлбэр сугалах зайлшгүй шаардлага тулгарна.

Ирландын философич Беркли “Орших бол мэдрэгдэх явдал” хэмээн өгүүлжээ. Аливаа нэг зүйлийн оршин буй хэлбэр нь бусдын оюун санаанд мэдрэгдсэнээс үүдэн оршиж байдаг гэх санаа. Хүйтэн харанхуй шөнө дэргэд тань тэс хөлдүү мөсөн мөндөр байна гэж бодоё. Гэтэл тухайн амьгүй биетийг та харж, магадгүй гартаа барьж үзэн мэдэрч буй учраас мөсөн мөндөр дэргэд тань оршиж байна гэсэн үг. Чухамхүү энэхүү асуултыг хөдөлгөөнтэй, хамгийн чухал нь өөрийн оршихуйг мэдрэх тэр л агшинтай сөргөлдүүлснээр “Том ах” туужийн гол өрнөл нь уншигчдын таамаглалд өртөснөөс тэс өөрөөр үргэлжилдэг. Мэдээж үйл явдал нь таамаглагдаж байвал зохиол магадгүй төдий чинээ “мохоо” болно.

Чононууд адуун сүрэг өөд дайрч эхлэхэд тэдний өмнөөс тулсан нь азарганууд байлаа. Тэд араатны хурц араанд хүүлэгдэж дуусахад Том ах зориглож Додуухайг зугтаалган сүрэг чонын өдөөс ганцаараа тулахаар зогсоно. Азарган чонотой нүцгэн гараар үзэлцэж, амь голтой үлдсэний хойно өөрийгөө сүрэг чононд амьдаараа зулгаалгуулж буйг оюун санаандаа төсөөлдөг.

“...Түүнд өдгөө тэмцэх ямар ч хүч үлдээгүй учир үхэлтэй эвлэрхээр шийджээ. Сүрэг идэж эхэллээ... Хар, хүрхийн урж, тасдан зажилж эхэллээ... Том ах нүдээ нээсэнгүй. Түүнд бас өвдөлт мэдрэгдсэнгүй. Үхэл гэдэг ийм амгалан зүйл байсныг Том ах мэдээгүй явжээ. Ер нь хэн ч мэдэх билээ дээ. Магад хүүлсэн чонын сүрэг ирж, улаан хоолойг нь сэт татахаас өмнө амь нь түүний биеэс гараад дээш хөөрч байгаа юм шиг мэдрэмж төрөв. Том ах нүдээ нээсэнгүй... араатнууд түүний биеэр хооллож байгаа зүрх урагдам чимээ сонсогдоно. Үгүй ээ, одоо түүнд зүрх байхгүй. Түүний зүрхийг араатнууд бүхлээр нь залгиж байгаа. Ингэж бодоход дахиад нуруугаар хүйт оргив. Сонин юм даа, би үхчихсэн атлаа айгаад байх юм” ... /“Том ах” 87-р тал/

Энэ бол зохиолын хамгийн гол зөрчилт хэсэг. Зөрчил туйлдаа хүрсэн ч тайлал хүртэл хэдэн өгүүлбэр бий. Харин юуны учир Том ах, азарган чонотой үзэлцсэн бус энэ хэсэг л зохиолын зөрчилт хэсгийн амь болов гэж уншигчид гайхах магад. Үнэндээ хүн чоно хоёрын тэмцлийн тухай өгүүлсэн аман яриа, зохиол, бичгийн эх сурвалжууд эх адаггүй л дээ. Үүнийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг л хамгийн чухал асуулт. Түүнийгээ зохиолч олчихсон учраас л их тэмцлийн дараах Том ахын төсөөллийн мэдрэмжийг дээрх өгүүлбэрүүдээр зурсан хэрэг. Сүрэг чоно түүнийг хүүчих нь мэдээж. Том ах азарган чонотой тулсны хойно яавч сүрэг чонотой үзэлцэж дөнгөхгүй. Тэгээд л тэр үхэж, араатны араа соёонд өөрийгөө хүүлүүлж буйг төсөөлнө. Гэхдээ мэдрэгдэх зүйл нь өөр байлаа. Учир нь айдас нуруугаар нь хүйт оргиулахыг мэдрэв. Одоо Берклийн хэлснийг тонгоруулаад авч үзье. “Мэдрэгдэх явдал нь оршихуйн баталгаа”. Туужид гарч ирсэн өгүүлэмжийн утгыг философичийн үзлийг тонгоруугаар ашиглан гаргасан ч гол санаа өөрчлөгдсөнгүй. Гэхдээ хандлага нь өөр. Том ах өөрийнхөө идүүлж буйг оюун санаандаа дүрслэн бүтээсэн боловч оршихуй хөндөгдөж, бодит ахуйд үйл явдал хэлбэрээ олсонгүй. Зөвхөн оюун санаанд тусгалаа олсон төсөөлөл учраас тэр. Харин нурууг нь хүйт оргиулсан айдас мэдрэгдэхэд эргэлзээ төрж байна. Ямартаа ч Том ахын хүнд тэмцлийн дараах эл өгүүлэмж Берклийн хэлсэн санаатай уялдсан нь үйл явдлын өмнөх дурсамжтай холбогдох билээ.

ДУРСАМЖИЙН МАНАН

Хүн, араатан хоёрын тэмцэл өрнөхөөс өмнө сүрэг чонын дунд нэг гичий чоно байх нь ерөөс байгалийн зохилдлого мэт... Харин түүний хэвлийд харагдсан зүйлийн тухай өгүүлэмж нь дурсамж болоод төсөөлөл, бодит үйл явдал гурвын хоршил ба зохиолчийн урнаар мэтгэн шагласан хослол байв.

“...Бусдаасаа тайван, амгалан байсан гичий чоно нохой шиг оцойн суухад хэвлийд нь харагдсан зүйл Том ахын дотрыг салгалуулжээ. Түүдгийн бүдэг, бадаг гэрэлд хонгор шаргал зүстэй тэр өлөгчингийн өрцөн дээр мөчир шиг урт, таван салаатай хар сорви байхыг Том ах олж харжээ” гэх буюу “Удгаа багадаа чонын бэлтрэгтэй тоглож, хоол ундаа хувааж иддэг байсан юм. <…> Чоныг авлаад хөгшин аавын санаа амарсан ч чоно Удгаагийн дотор орчихсон байсныг хожуу мэдсэн юм. Бэтэг... Чонын бэлтрэгтэй хоолоо хувааж иддэг байсан болохоор үс, ноос нь Удгаагийн ам, хамраар орж, ходоод гэдсийг нь шархлуулаад дотор эрхтэн нь тэр аяараа бэтэг болчихсон байв. <…> Эл учир Удгаагийн гэдсэн дээр умайсан том мөчир шиг олон салаатай сорви үлдсэн байжээ. Тэр сорви энэ өлөгчингийн хэвлий дээр сийчигдсэн байгаа нь Том ахыг зовоож, өөрийгөө зүүдлээд байгаа, амьдраад байгаагаа ялгахаа байхад хүргэв” /“Том ах” 81,82-р тал/

Чонын дотор Удгаа, Удгаагийн дотор чоно байв. Магадгүй энэхүү төсөөлөл, бодит дурсамжийн хослол болсон давхар бэлгэдэл бүхий өгүүлэмж Том ахыг чонын сүргээс мултарч гарсан үйл явдлыг туйлийн үнэнд хүргэж, зохиолын төгсгөл бүрэн гүйцэд хэлбэрээ олох замыг туурвигчид нээж өгсөн хэрэг.

Ерөөс энэ мэт харанхуйд бүдчин яваа мэт үйл явдлууд бүрд бодолд нь амилсан дурсамжийн хэсгүүдийг шигтгээ мэт зүйж хүүрнэлийг цааш хөдөлгөсөөр гагцхүү шөнийн түнэр нөмрөг гэгээнд залгиулах аваас үүрийн гэгээ харж сэтгэл уужирсан ч удалгүй шатам халуунд төөнүүлэх шиг эсрэгцэл хосолсон төгсгөлтэй уншигчийг золгуулна. Гол зурмаар төгсгөлөөр дүрүүдээ, өгүүлсэн бүхнээ нидрээд өнгөрдөг зохиолчид бий. Харин О.Цэнд-Аюуш зохиолчийн төгсгөл зүгээр л нидрээд өнгөрсөнгүй. Жамаараа өрнөсөн үйл жамаараа л төгсчих шиг болно. Үнэндээ эл төгсгөлд тийм ч сүртэй, гойд бичлэгийн хэлбэр, онцгой юм үгүй. Гол нь үг үсэг бүрийг нь нүдээрээ туучин суугаа хэн бүхний дотор үлдэх нэг өгүүлбэр тодоос тод зурайж буйг уншигчид өөрсдөө олж харах биз ээ.

ЭХЛЭЛЭЭС ХОЦОРСОН ТӨГСГӨЛ

Адуу адууныхаа дэл сүүлийг зажилж эхэлсэн тууж төгсөхийн алдад Том ах өөрийн үсийг Додуухайгаар хусуулж өлсөж тамираа бараад өеөдөж унасан хэнз унаганд өгөөд босгож байна. Туужийн эхлэлд эхдээ нялх дэлээ шархийтэл зулгаалгаж асан өнөөх хэнз хээр унага өндийж босоод адууны араас даган сажилна. Үнэхээр сэтгэл уужирч ахин гол зурагдана.

Харин зохиолын төгсгөлд тэдэнд адуугаа адуулуулахаар өгсөн хүмүүс үл итгэн буруутгах боловч эцэст нь дийлдэнэ. Үүнийг хэт явгалан нуршиж, сүүлийн үед ёс мэтээр овоорох болсон аж байдлын зохиолууд шиг уянгалсан, усан өгүүлэмжээр дэлгэрүүлэн уншигчдыг залхаасангүй. Байх ёстой зүйлийг хэдхэн цогцолборт базаж, үгэндээ тун ч "харам" байдлаар зангидаад орхижээ. Гомдол гаргасан иргэд адаг сүүлд Том ах, Додуухай хоёрт тохиосон үйлийн үнэнд бус тэднийг харанхуйд тэмтчин алхуулж, араатны соёонд эр зоригоо дүүжилж тэмцэлдэхэд хүргэсэн “жамын ёсны үнэнд” л гүйцэгдсэн хэрэг билээ.

#шинэ ном,