ЭДИЙН ЗАСАГ

Ковидын дараа Монголыг зовоож буй хоёр дахь тахал ГАДААД ӨР

Гэрэл зургийг MPA.mn

Ковидоос шалтгаалсан Дэлхийн эдийн засгийн хямралын улмаас Хятад улс Монголын засгийн газарт зээлдүүлсэн их өр нь дотооддоо нөлөөлж эхэлжээ. Эдийн засагч Т.Эрдэнэбилэгийн хэлснээр, пандемикын үед Хятад улс хөгжиж буй орнууд, тэр дундаа Монгол Улсад хөрөнгө оруулдаг компаниудаараа дамжуулан өрөө дарахыг шаардсан байна.

Судлаач Дэлгэрцэцэгийн хэлснээр, Хятад улс нь Монгол Улсын экспортын 96 хувь, импортын 41 хувийг бүрдүүлдэг. Хятадын засгийн газар тахал өвчний дараагаас эдгээр арга хэмжээг авч эхэлсэн аж. Дэлхийн банкны нийтэлсэн шинэ тоо баримтаас үзвэл, Хятадын цэвэр санхүүгийн урсгал (өр ба өөрийн хөрөнгө оруулалтын харьцаа) нь 2016 онд 16 тэрбум ам.долларт хүрч дээд үзүүлэлт харуулж байсан бол 2019 онд -1 тэрбум ам.долларын хэмжээнд хүрэн тухайн харьцаа нь сөрөг үзүүлэлттэй болсон байна.

Эдийн засагч Т.Эрдэнэбилэг: -2019 оноос Хятад улс хөгжиж буй орнуудад оруулсан хөрөнгө оруулалтаасаа их мөнгийг эргүүлдээд өөрийн улс руу татаад эхэлсэн байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хөгжиж буй орнууд хятадын засгийн газраас болон хятадын хөрөнгө оруулагчдаас татаж авч байгаа мөнгөнөөсөө илүү мөнгийг өмнөх зээлийнхээ эргэн төлбөрт төлж байна гэсэн үг. Энэ нь эргээд тус улсын засгийн газарт асуудал болж байгаа юм. Яагаад  гэхээр хөгжиж буй орнуудын засаглал, санхүүгийн сахилга бат бол муу байдаг. Монгол Улс өөрөө ч энэ дотор багтана. Энэ улсуудын эргэн төлөлтийн мөнгө нь их болсон мөн коронавирусийн цар тахал эдийн засагт нь хүндээр нөлөөлсний улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ асуудал нийлээд хүндэрсэн гэж хэлж болно.

Эдийн засагч Т.Эрдэнэбилэг: -Улс орнуудын тухайн жилдээ төлж буй гадаад өрийн нийлээд хэсгийг нь Хятадын засгийн газарт төлж байгаа төлбөр эзэлж байна. Жишээлбэл Ангол, Фижи, Доминикан, Самоа гэх Африкын улсуудаас гадна дундад Азийн улсуудын гадаад зээлийн төлбөртөө 40-60 хувь зарим орон бүр 80 хувь хүртлээ Хятадын засгийн газарт төлж байна.

Судлаач Г.Дэлгэрцэцэг: -2019 оны судалгаагаар Монгол Улсад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 10.000 гаруй ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Хятадын Монгол Улсад хийж буй хөрөнгө оруулалтын голлох салбарыг авч үзвэл уул уурхай, худалдаа, барилга, боловсруулах үйлдвэр зэрэг багтдаг. Монгол Улсын нийт экспортын 96 хувийг, импортын 41 хувийг Хятад улс дангаараа эзэлж байна. Манай улс түүхий нефть, төмрийн хүдэр, зэс болон цайрын баяжмал зэрэг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспортын 90 орчим хувийг, үхэр, адууны шир, бог малын арьс болон ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д, тус тус экспортлож дээрх нэрийн бараа нь манай нийт экспортын 93 хувийг эзэлж байна. Тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь өндөр байгаа нь эдийн засгийг нэг салбараас хэт хараат болгож байгаа юм гэлээ.

Мэдээллийн хамтрагч: А24 суваг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet