УЛС ТӨР

Г.ЗАНДАНШАТАР: Цар тахлын асуудлыг оновчтой шийдвэрлэх нь намрын чуулганы нэн тэргүүний зорилт байх болно

Гэрэл зургийг
MPA.mn

УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлт өнөөдөр (2021.10.01) болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг нээж үг хэллээ.

Тэрбээр “УИХ-ын гишүүд өнөөдрөөс эхлэн танхимаар хуралдаж эхэллээ. 2022 оны улсын төсвийг хэлэлцэн батлахаас эхлээд нэн чухал олон шийдвэрүүдийг гаргаж хичээн ажиллахыг биднээс цаг үе шаардаж байна. УИХ-ын гишүүн бүр тодорхой хуулийн төсөл хариуцаж ажиллаж байгаа учраас гишүүд хариуцсан хуулийн төслөө батлуулахын төлөө хичээн ажиллаж сонгогч нартаа тайлагнах чиглэл өгч байна. Цар тахлын эрсдэлийн цаг үеийг даван туулж сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх нь намрын чуулганы нэн тэргүүний зорилт байх болно.

Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал хүндхэн байна. Эмнэлгийн ачаалал дээд цэгтээ хүрч, эмч эмнэлгийн ажилчид ядарч туйлдаж байна. Хэдийгээр иргэдийнхээ 65 хувийг вакцины хоёрдугаар тунд хамруулсан ч өнөөдрийн байдлаар халдварын 382 мянган тохиолдол бүртгэгдэж, 1204 иргэн халдварын улмаас нас барлаа. Амь насаа алдсан иргэдийн ар гэрт УИХ гүн эмгэнэл илэрхийлье.

Covid-19 халдварын тархалтыг сааруулах, эрсдэлээс сэргийлэхийн тулд өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан дараах чиглэлд холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Бүх шатны боловсролын сургалт эхэлсэн. Тиймээс сургуулийн орчинд халдварын тархалтаас сэргийлэх, агаарын солилцоог тогтмол хийж халдвар хамгааллын дэглэмийг маш хатуу баримтлах хэрэгтэй. Улмаар нийтийг хамарсан арга хэмжээг эмх цэгцтэй, зөв менежментээр зохион байгуулах шаардлагатай.

Жирэмсэн, эх өндөр настан, архаг суурь өвчтэй иргэд халдвар авбал эндэх эрсдэл өндөр учраас эрүүл мэндийн төв, бүх эмнэлгүүд дээрх зорилт бүлэгт чиглэсэн эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах болон яаралтай тусламж үзүүлэх чадавхыг эрс сайжруулах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт удааширч 2022 онд таван хувьд хүрэх дүн гарсан. Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн. Тиймээс Засгийн газар тууштай, тогтвортой ажиллах шаардлагатай” гэв.

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар нийт 72 хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд чуулганы эхний сард нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тэгвэл УИХ-ын чуулган үдээс хойш 14:00 цагаас хуралдахаар товлосон. Тус хуралдаанаар гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсох аж. Ингэхдээ хурал хаалттай горимоор явагдана.

Хэлэлцэх асуудлын эхэнд, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зөвшөөрлийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Актив удирдлагын компанийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай зэрэг хуулиуд багтсан байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet