ДЭЛХИЙН МЭДЭЭ

Швейцар: Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг сонгогчдын гуравны хоёр нь дэмжжээ

Швейцарын сонгогчдын бараг гуравны хоёр нь буюу 64 хувь нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг бүх нийтийн санал асуулгаар дэмжсэн байна. Ингэснээр Швейцар улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилсан дэлхийн 30 дахь улс болжээ.

Кампанит ажилд оролцсон хүмүүс санал хураалтын дүн тус улсад ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах түүхэн мөч гэж үнэлж байна. Харин санал хураалтын үеэр сүмийн бүлгүүд болон консерватив улс төрийн намууд энэ санааг эсэргүүцэж, уламжлалт гэр бүлийг сүйтгэнэ гэж анхааруулжээ.

Швейцар улс ижил хүйстэн хосуудад гэрлэлтээ бүртгүүлэхийг 2007 оноос зөвшөөрсөн боловч зарим эрхийг хязгаарлаж байсан. Тэгвэл энэхүү арга хэмжээний хүрээнд ижил хүйстэн хосууд цусан төрлийн хамааралгүй хүүхэд үрчилж авах, мөн гэрлэсэн лесбиан хосууд үрийн шингэний хандивын аргаар хүүхэдтэй болох боломжтой болох юм.

“Энэ бол Швейцарын хувьд ижил хүйстэн хосуудын эрх тэгш байдлыг хангах түүхэн өдөр бөгөөд ЛГБТ нийгэмлэгийн хувьд ч чухал өдөр юм” гэж “Yes” кампанит ажлын хорооны гишүүн Жан Мюллер “AFP” мэдээллийн агентлагд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Хууль зүйн сайд Карин Келлер-Саттер ижил хүйстнүүдийн анхны гэрлэлт ирэх оны долдугаар сард болно гэж мэдэгдэв. Мөн “Бие биенээ хайрлаж, гэрлэхийг хүсэж байгаа хэн боловч хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй, эсвэл эрэгтэй эмэгтэй байхаас үл хамааран гэрлэх боломжтой болно” гэжээ.

Харин Швейцарын Ардын намын баруун жигүүрийн улс төрч, тус кампанит ажлыг эсэргүүцэгч Моника Руэггер хэлэхдээ “Хүүхдүүд, аавууд хохирогч болж байна. Энэ бол хайр, мэдрэмжийн тухай асуудал биш. Энэ бол хүүхдийн сайн сайхны төлөөх асуудал юм” гэж “Reuters” агентлагт ярьжээ.

Сүүлийн 20 жилийн хугацаанд баруун Европын ихэнх улс орнууд ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн. Харин Швейцарын хувьд том шийдвэрүүдийг орон даяар санал хураалт явуулж шийддэг бөгөөд энэ нь нийгмийн хууль тогтоомжийн томоохон өөрчлөлтийг удаашруулахад хүргэдэг.

Швейцарын засгийн газар болон Ардын намаас бусад улс төрийн томоохон намуудын дэмжлэгтэй байсан шинэ хуулийг өнгөрсөн 12-р сард парламент баталсан юм. Гэсэн хэдий ч эсэргүүцэгчид үүнийг эсэргүүцэж, бүх нийтийн санал асуулга явуулах хангалттай гарын үсэг цуглуулаад байсан юм.

 Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet