Live
НИЙГЭМ

А.ЭНХБААТАР: Дохионы хэлний тухай хууль батлагдсанаар сонсголгүй иргэд нийгмийн харилцаанд тэгш оролцож чадна

Монгол Улсын Сонсголгүй иргэдийн үндэсний холбоо (МУСИҮХ) болон Сонсголгүй иргэдийн төрийн бус байгууллага, хэл ярианы, сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл өнөөдөр олон улсын дохионы хэлний өдрийг тохиолдуулан төв талбайд “Өөдлөн дэвжсэн сонсголгүй олон нийтийг алдаршуулья” тайван жагсаал хийлээ.

Улс орон бүр өөрийн гэсэн дохионы хэл бий болгон хөгжүүлж иржээ. Монгол Улсын дохионы хэл нь монгол хэл шиг олон зуун жилийн баялаг өв сангүй ч 40 гаруй жилийн өмнө сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгох тусгай сургууль байгуулагдсан цагаас монгол дохионы хэл бүрэлдэн бий болох үндэс суурь нь тавигдсан байна.

Уг жагсаалаар монгол дохионы хэлний хуультай болох санаачилга гаргав. МУСИҮХ-ны А.Энхбаатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12.1-д “Монгол дохионы хэл бол албан ёсны хэл мөн” гэж заасан байдаг. Гэвч дохионы хэлний тухай хууль бүрэн батлагдаагүй бөгөөд гаргасан дүрэм журам байхгүй. Хэрвээ дохионы хэлний тухай хууль батлагдвал бид энгийн иргэдтэй адил боловсрол авдаг, эрүүл мэнд болон цагдаагийн байгууллага зэрэг нийгмийн харилцаанд тэгш оролцох боломж бүрдэнэ. Иймд бидний хүсч буй гол зүйл бол монгол дохионы хэлний тухай хууль батлуулах юм. Дохионы хэл бол бидний эх хэл” хэмээн ярилаа.

Монгол Улсад сонсголын бэрхшээлтэй 8,300 гаруй иргэн, хэл ярианы бэрхшээлтэй 12,671 иргэн байдаг. Харин монгол дохионы хэлний 20 орчим хэлмэрч байдаг бөгөөд Сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгуулгуудаас гадна Монгол Улсын хэмжээнд дохионы хэлний хэлмэрч бэлтгэж буй сургууль алга байна.

Ташрамд дурдахад, НҮБ-аас жил бүрийн есдүгээр сарын 23-ны өдрийг “Оолон улсын дохионы хэлний өдөр” болгон албан ёсоор баталсан. Ингэснээр НҮБ-ийн бүх гишүүн орнууд дохионы хэлний талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Олон улсын дохионы хэлний өдрийг зохих ёсоор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан билээ. Түүнчлэн Сонсголгүй иргэдийн дэлхийн холбооны санаачилгаар Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоногийг анх удаагаа Италийн Ром хотноо 1958 онд тэмдэглэсэн бөгөөд ингэснээр жил бүрийн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийг дэлхий даяар тэмдэглэдэг болсон аж. Тэгвэл 2021 онд сонсголгүй иргэдийн долоо хоногийг “Өөдлөн дэвжсэн сонсголгүй олон нийтийг алдаршуулъя” уриатайгаар дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлж байна.

ФОТО:

2021 оны есдүгээр сарын 23. “Өөдлөн дэвжсэн сонсголгүй олон нийтийг алдаршуулья” тайван жагсаал боллоо. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet