АФГАНИСТАН

Талибаны удирддаг Кабул хотын захиргаа эмэгтэй ажилчдыг гэртээ байхыг үүрэгдэв

Кабул хотын засгийн газрын эмэгтэй ажилчдыг гэртээ үлдэхийг үүрэг болгосон бөгөөд зөвхөн эрэгтэй хүнээр сольж болохооргүй албан тушаалд эмэгтэйчүүдийг ажил хийхийг зөвшөөрсөн гэж ням гарагт Афганистаны нийслэл хотын түр захирагч мэдэгдэв.

Үүний хажуугаар зүүн мужийн Жалалабад хотод Талибанчуудын машинд дэлбэрэлт болсон бөгөөд дэлбэрэлтийн улмаас таван хүн амиа алдсан гэж эмнэлгийн ажилтнууд мэдэгджээ.

Хотын ихэнх эмэгтэй ажилчдыг ажилдаа эргэж орохыг хориглосон шийдвэр нь Талибанчууд хүлээцтэй, хүртээмжтэй байх болно гэж амласнаас зөрж байгаа бөгөөд Исламын шашны хатуу дүрмийг хэрэгжүүлж байгаагийн бас нэг илрэл боллоо.

Сүүлийн өдрүүдэд Талибаны шинэ засгийн газар охид, эмэгтэйчүүдийн эрхийг боосон хэд хэдэн тогтоол гаргажээ. Дунд болон ахлах ангийн эмэгтэй сурагчдыг сургуульдаа буцаж очихгүй байхыг шаардсан бол хөвгүүд энэ амралтын өдөр хичээлээ үргэлжлүүлсэн байна. Мөн их, дээд сургуулийн эмэгтэй оюутнуудын хувьд хүйсээр тусгаарласан орчинд хичээлээ хийх бөгөөд Исламын хувцаслалтын дүрмийг чанд сахих ёстой гэж мэдэгдсэн юм.

Баасан гарагт Талибанчууд Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яамыг татан буулгаж, “Буяныг сурталчлах, бузар үйлээс урьдчилан сэргийлэх” яамыг оронд нь байгуулсан бөгөөд энэ яам нь Исламын хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээжээ.

Ням гарагт арав гаруй эмэгтэй яамны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, эмэгтэйчүүдийг олон нийтийн амьдралд оролцуулахыг уриалсан бөгөөд Талибанчууд ойроос ажиглаж байсан учраас эсэргүүцэл 10 орчим минут үргэлжлээд тарсан байна. Сүүлийн хэдэн сарын хугацаанд Талибаны дайчид хэд хэдэн эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тараасан юм.

Эх сурвалж: AP

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet