“Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клубийн энэ удаагийн “Өглөөний цагийг өөртөө” уулзалтаараа “Монголын хүнсчдийн нэгдсэн холбоо”, /МХНХ/ “Сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”, “Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо”-ны төлөөллүүдийг урьж “Үндэсний үйлдвэрлэл-Тогтвортой өсөлт” сэдвээр ярилцлаа. Тус уулзалтад “Монголын хүнсчдийн нэгдсэн холбоо”-ны  тэргүүн Л.Тэрбишдагва, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзул, Р.Сансармаа, “Мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбоо”-ны тэргүүн, “Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр, “Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн Б.Болдбаатар, “Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн  холбоо”-ны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяр нар оролцлоо.  Монгол Улс Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны бүсэд нэгдэх нь эерэг хийгээд сөрөг ямар үр дагавартай талаар байр сууриа илэрхийлж, сэтгүүлчидтэй ярилцлаа. Хүнс үйлдвэрлэгчид дампуурахад тулбал үүнийг дагаад хоёрдогч түүхий эдийн үйлдвэрүүд ч хүнд байдалд орох гээд байна гэж Б.Болдбаатар, хэмээсэн юм. Одоо оролцогчдын байр суурийг хүргэж байна.

Л.Тэрбишдагва: Салбарын бодлогоо мэддэг хүн хэлэлцээрийн ширээний ард суух  хэрэгтэй

- Манай холбоо 400 гаруй гишүүнтэй, 20 мянган хүн ажиллаж байна. Бид газар тариалангаа дэмжих бодлогоо сайжруулах хэрэгтэй. Намайг үг дуугарахаар чи ч гэсэн буруутан биз дээ гэдэг. Би ч гэсэн энэ асуудалд буруутайгаа зөвшөөрнө. Гэхдээ зөв голдирол руу оруулахын тулд бүгдээрээ хичээх хэрэгтэй. Үйлдвэрлэл эрхлэгчид рүүгээ дайрдаг байдлаа болих ёстой. Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж улс орон оршин тогтоно. Мах махан бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой. Гэхдээ гулуузаар авдаггүй заавал халууны боловсруулалт хийж байж авдаг. Ер нь хөдөө аж ахуйн салбараа мэддэг хүн л хэлэлцээр хийх ёстой. Цаасны араас хэлэлцээр хийх гэж зүтгэвэл сайн зүйл болохгүй. Хэлэлцээр хийхээс өмнө бид дуу хоолойгоо хүргэх ёстой. Мэдээж улс хооронд ярилцсан гэрээ, хэлэлцээрийг хийх ёстой. Гэхдээ хүнс үйлдвэрлэгчид ард түмний эрх ашгийг хамгаалсан хэлэлцээрийг хийх ёстой. Ингэхдээ хэлэлцээрээр нэрлэсэн 375  бүтээгдэхүүнээс хэдийг нь манайх гаалийн татвараас тэглэх үү, ямар бүтээгдэхүүнд тэглэхгүй байх уу гэдгээ тогтох хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоо үйлдвэрлэж өөрсдийнхөө хэрэгцээг хангаж байгаа тохиолдолд гаднаас  чанартай, чанаргүй  бүтээгдэхүүний урсгал оруулж ирээд үр дүнд нь дотоодын хүнсний үйлдвэрүүд зогссоны дараа үнийг тэднээр тогтоолгож хараат болгож  хаяж болохгүй. Манай холбооны 400 гаруй гишүүн байгууллагуудын удирдлагууд нэгдэж Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрт нэгдэх эсэхийг энэ удаад хойшлуулах, үүнд  болгоомжтой хандах саналтай байгаа юм. Өөрийнхөө зах зээлийг сайн судалж ярих ёстой. Судлахгүйгээр сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Хэлэлцээрийг хийхдээ  таслал, цэг, үг бүрд анхаарч хийнэ үү гэхээс биш ерөнхийд нь хийж болохгүй. Үүнд онцгойлон анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн яам энэ хэлэлцээрээ огт судлаагүй. Үйлдвэрлэгчидтэй уулзаагүй, газар дээр нь очиж үзээгүй байж яаж хэлэлцээрт орох гээд байгаа юм. Өнөөдөр үйлдвэрлэгчид ямар түвшинд байна, технологийн шинэчлэл хийсэн үү. Дотоодын хэрэгцээгээ хангаж чадах уу  гэдгийг мэдэхгүйгээр энэ хэлэлцээрийг хийж болохгүй. Зөвхөн дотоодын бүтээгдэхүүний үнэ өндөр байна гэдгээр харж болохгүй. Тэгвэл үнэ буулгах арга бидэнд байна. Гэхдээ цахилгааны үнэ, татварыг нэмээд, аж ахуйн нэгжийг  Хөдөлмөрийн хуулиар дарамтлаад байвал яаж үнэ буурах юм бэ. Зээлийн хүү буулгасан гэж үзэж байгаа ч дэлхийн бусад улстай харьцуулахад боломжтой хэмжээнд буураагүй байна. Хүнсний аюулгүй байдлын тухай  хуульд “..Хүнсний аюулгүй байдал үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг” гэж заасан. Тэгэхээр үндэсний аюулгүй байдал болсон хүнсний аюулгүй  байдлын зах зээлээ гадаадын улс оронд бүгдийг нь алдчих юм бол юу болох уу. Алдахгүй байхын тулд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тухайлбал, Япон цагаан будаагаа, Европын орнууд төмс өө, Энэтхэг, Бразил, Хятад улс хүн амынхаа хүнсний хэрэгцээт бүтээгдэхүүнийхээ зах зээлээ хамгаалахын тулд зарим бүтээгдэхүүн дээр 200 хувь хүртэл татвар тавьж хамгаалж байна.                                                             

Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн  холбооны гүйцэтгэх захирал Ш.Шинэбаяр: Гурилыг квотгүй болгосноор 5-6 үйлдвэр хаагдаад байна

-Тариаланчдад ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдэг талаар ярья гэж бодож байна. Манай хойд хөрш ОХУ, Беларусь зэрэг улс  жилдээ 100-150 сая тонн улаан буудай үйлдвэрлэдэг. Нэг ёсны өргөн уудам зах зээл шүү дээ. Өнгөрсөн зургаадугаар сараас гурилын квотгүй болгосноор 5-6 үйлдвэр хаагдсан. Ийм байдлаар экспортын бүтээгдэхүүн улаан буудай үндэсний үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлдөг. Хэдэн сая тонноор улаан буудай экспортолдог улс орнуудтай манай улсын жижиг зах зээл хийгээд хэдхэн үйлдвэрлэгч өрсөлдөнө гэхэд амаргүй. Гурил бол стратегийн бүтээгдэхүүн. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого барих нь хамгийн чухал. Орц бордоо нийт зардлын 28 хувийг эзэлдэг учраас үнэ хямдруулж чаддаггүй. Төр засаг татвар, валютын зөрүү дээр анхаарч өгмөөр байна. Хойд хөршөөс их хэмжээний улаан буудай оруулж ирэхэд л үндэсний компаниудад хүнд цохилт өгдөг. Улаан буудай чанаргүй цавуулаггүй байна гэдэг бордоотой холбоотой. Иймд төр бордоог татваргүй болгох тал дээр л анхаарах хэрэгтэй байх. Бид урд хөрш рүү гурил нийлүүлэх боломжгүй. Ер нь аль ч улс руу газар тариалангийн бүтээгдэхүүн экспортлох боломж байхгүй. Зөвхөн дотоодын зах зээлээ хангадаг учраас үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлого барих нь зүйтэй. Манай улсад тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 16 үйлдвэр бий. Хүнсний хувьсгалын хүрээнд 400 гаруй мянган тонн улаан буудай экспортолно гэсэн. Энэ улаан буудайг БНХАУ руу нийлүүлэх тухайд ажил хэрэг болоогүй одоо агуулахад л хэвтэж байна.

“Монголын Хүнсчдийн нэгдсэн холбоо”-ны УЗ-ийн гишүүн  Л.Эрхэмбаяр: Евразийн холбоотой гэрээ байгуулбал үйлдвэрлэл элгээрээ хэвтэнэ

-Яагаад та бүхний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн импортын бараанаас үнэтэй байгаа юм бэ гэж хүмүүс асуудаг. Тийм, үнэтэй байгаа нь үнэн.  Манайх бол хөгжиж буй статустай орон.Ийм шилжилтийн үед үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэхээр гаднын бүтээгдэхүүнээс үнэтэй тусаад  байна. Гэтэл иргэд хямд бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй байдаг.Энэ зовлонг даван туулж чадсан улс орнууд хөгжлийн зам руугаа ордог. БНСУ л гэхэд ган болон техник технологийнхоо үйлдвэрлэлийг аварч үлдэхийн тулд татварын уян хатан бодлого барьж үйлдвэрлэлээ бойжуулсан. Эрийн цээнд хүрэхээр нь татаасуудаа нэмсээр байгаад зах зээлдээ байр суурьтай болгож чаддаг. Өнөөдөр манай улс ийм зам дээрээ явна. Ядуу буурайгаас ангижрах гэж л яваа үе шүү дээ. Үнэхээр үйлдвэрлэгчид татварын дарамтад туйлдаж байгаа. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэхээр татварын дарамт өндөр учраас зах зээлд борлуулах өртөг нь импортын бараанаас өндөр тусаад байдаг. ОХУ-ын арилжааны зээлийн татвар  6-12 хувь, Монголынх 11-21 хувь байгаа.Цахилгаан эрчим хүч нь манайхаас хамаагүй хямд. Зарим мужуудаа  тарифаас бүрэн чөлөөлсөн байдаг. Татвар нь хамгийн дээд хязгаар нь зургаан хувьтай байна. Гэтэл манай улс цэвэр ашгаас 25 хувийн татвар татаж байна. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл яаж хямд байх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Үйлдвэрлэгчдээ ОХУ төрөөс тултал нь дэмжиж байна. Экспортын тэргүүлэх орон болно гэсэн бодлогоо тодорхойлоод удаж байгаа. Ийм байхад хөгжихөөс яах вэ. Манай эсрэгээрээ татварын дарамтад байгаа шүү дээ. Нас биед хүрсэн хүнийг хүүхэдтэй тулалдуулж байгаатай л ижил шийдвэр гаргаж байна. Евразийн холбоотой ямар нэгэн гэрээ байгуулбал үйлдвэрлэл элгээрээ унана шүү.

“Монголын Хүнсчдийн нэгдсэн холбоо”-ны УЗ-ийн гишүүн Б.Мөнхзул: Улс орон хөгжихийн тулд үйлдвэрлэгч байх хэрэгтэй

-Бид хүнсний үйлдвэрлэлээ бүтээгдэхүүний жагсаалтаас хасах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Чөлөөт худалдааны хэлэлцээр нь үйлдвэрлэгчдийнхээ эсрэг болох учраас нэлээн бодолтой хандаж, зарим зүйлийг засаж залруулаасай гэж бодож байна. Илүү ул суурьтай хандаасай гэж бодож байгаа. “Ковид”19-ын үед улс орнууд хэсэг хугацаанд тогоон дотроо амьдарлаа. Энэ үед үйлдвэрлэж чадаж байгаа улс орнууд өөрсдийн боломжоороо даваад гарсан. Гэтэл дотоодын үйлдвэрлэгчид байгаагүй бол ямархуу байдлаар даван туулах байсан бол гэдэг асуудалтай тулгарах байлаа. Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” аяныг хэрэгжүүлсэн байх. Хүнсний салбарынхан хичээгээрэй, бид боломжоороо дэмжье гэсэн. Бид ч гэсэн чадлаараа хичээж байна. Хийж бүтээнэ гэдэг бэлэн бараа импортлохоос хамаагүй хэцүү. Гэвч улс орон оршин тогтнож илүү их хөгжихийн тулд үйлдвэрлэгч байх ёстой.

“Монголын Хүнсчдийн нэгдсэн  холбоо”-ны УЗ-ийн гишүүн Р.Сансармаа: Махны салбар бодлогын баримт бичиггүй 10 жил болсон

-Монгол Улс мах болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох ёстой гэж зүтгэж байна. Гэхдээ бодит байдалд экспорт хэрхэн хийгддэг вэ гэвэл хоёр улсын мал эмнэлэг, аудитын байгууллагуудын протоколоор хийгддэг зүйл. Бие, биеэ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэ хэлэлцээр хийгддэг. Өмнө нь энэ хэлэлцээрийг хийх гээд судалж байхад Гаалийн холбооны улсуудаас Монгол Улсад хяналт,шалгалт хийгээд манай улсын тогтолцоо нь бүрдээгүй, малын өвчлөл ихтэй хэмээн үзэж манай бүтээгдэхүүнийг авах боломжгүй гэсэн дүгнэлтүүдийг өгдөг. Тэгэхээр нэн түрүүнд хэрэв энэ гэрээг хийх гэж байгаа бол энэ асуудлыг цэгцлэх ёстой. Хоёр талаасаа харилцан бие, биеэ хүлээн зөвшөөрч байж хийгддэг.Тэгвэл одоогийн нөхцөлд энэ гэрээ хийгдэх юм бол манай талаас ямар ч хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гаргах боломжгүй. Яагаад гэвэл дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаар ч хүлээн зөвшөөрөгдөөгүй улс манайх  учраас тэр. Тиймээс эдгээр протоколууд хийгдсэнээр 370 гаруй бүтээгдэхүүнээс 50 гаруй малын гаралтай  бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэнэ.Нөгөөтээгүүр, Эдийн засгийн хөгжлийн яамнаас дотоодын үйлдвэрлэгчдийг экспорт хийж гадаад зах зээлд өрсөлдөх цаг болсон гэж үзэж байна. Тэгвэл зөвхөн хувийн хэвшил дангаараа яагаад зүтгэх ёстой гэж. Төр, хувийн хэвшил, нийгмийн түншлэл бүгд хамтаар зүтгэж байж улс хөгждөг.

2012 онд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль баталсан. Гэтэл хууль батлагдсанаар  “махны дүрэм” гэсэн махны салбарын баримт бичгийг хүчингүй болгосон. Ингэснээр салбар яам хуулиа дагаж махны зохицуулалтыг хийж эхэлсэн. Гэтэл 2022 онд  Эмээлтийн махны хэрэг шуугиан тарьж олны анхааралд өртсөнөөр мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зөвлөлийн зохицуулалтын бодлогын баримт бичиг УИХ-аар батлагдсан.Гэхдээ батлагдахдаа 2025 оноос мөрдөнө гэсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дараа хэрэгжүүлэх болж байгаа юм. Бодлогын баримт бичиггүй 10 жил болсон. Ингэхээр энэ улс яаж хөгжих гээд байгаа юм.

“Монголын хүнсчдийн нэгдсэн холбоо”-ны гүйцэтгэх захирал Н.Нармандах: Тарифын болон тарифын бус саад тотгорыг хэлэлцээрээр цэгцлээгүйгээр энэ хэлэлцээр орох боломжгүй

-Япон, Монголын худалдааны хэлэлцээрийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан хүний хувьд хэлэх зүйл байна. Тухайн үед энэ хэлэлцээрийг хийхийн тулд хоёр талаас 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг гарч вакумжуулсан сургалтад хамрагдаж маш нухацтайгаар судалж өндөр ач холбогдол өгч байж хийж байсан. Манай улсын хувьд анхны хэлэлцээр байсан учраас бүх түвшинд судалж  байсан. Чөлөөт худалдааны хэлэлцээрт оролцох бүх талуудын саналыг тусгаж ямар тактиктай явахаа тогтож боловсруулж баталж байсан. Тэгсэн хэр нь одоо үр дүнг нь харах юм бол Монголын талаас экспортлох бүтээгдэхүүний тоо, хэмжээ маш бага. Японоос импортолж буй барааны хэмжээ өндөр ийм л байна. Энэ юунаас болсон бэ гэвэл тарифын  болон тарифын бус саадыг арилгана гэсэн тухайн хэлэлцээрийн үндсэн агуулга биелэгдэхгүй байна. Тэгвэл тус хэлэлцээр тарифын саад, тотгорыг хэрэгжүүлэхэд хамаарч байгаа болохоос биш тарифын бус саад, тотгор гэдгээс шалтгаалж манайх экспорт хийх боломжгүй. Ялангуяа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд мал эмнэлэг, хорио цээрийн протоколоор тохирсон чанар аюулгүй байдал тал дээр хоёр тал тохирсон уу гэвэл протоколоор хийгээгүй байх жишээтэй. Хийнэ, тохирно гэвэл хуучин нэрээр нэрлэгдэх Дэлхийн мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагаас манайхыг  малын шүлхийтэй улс гэж үзээд  хар жагсаалтад оруулсан.Тэгэхээр манайхаас мах болон малын гаралтай бүтээгдэхүүнийг аль ч улс авахгүй. Үүнээс гадна тухайн бүтээгдэхүүний гарал үүслийн асуудал хөндөгдөнө. Жишээлбэл, зөгийн балын бүтээгдэхүүн дээр авч үзвэл зөгийний анхдагч овог хаанаас орж ирсэн бэ гэдгээс шалтгаалдаг. Ихэвчлэн оросоос орж ирсэн байдаг. Гэтэл уг овог манайд  10-20 жил суурьшиж байж монголынх гэж үзнэ гэж тохирсон байдаг. Нэмээд ямар ч бүтээгдэхүүнээс тухайлбал улаан буудайн үрээ анх хаанаас авсан гэдгээр мөн нутгийн овог мөн үү, биш үү гэдгээс шалтгаалдаг. Ийм нарийн зүйлүүдийг хэлэлцээрийн протоколоор тохирдог гэсэн үг. Тиймээс үүнд нэлээн нухацтай хандах хэрэгтэй. 

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 243 (7487)

#онцолсон, #Евразийн хэлэлцээр,