Боловсролын сайд П.Наранбаяр Зүүн бүс хариуцсан зөвлөх Л.Лхагвасүрэнгийн хамт НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн Боловсролын зөвлөх Мицүэ Уэмураг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
НҮБ-ын Хүүхдийн сан нь Тогтвортой хөгжлийн зорилт 4 болох “Чанартай боловсролыг дэмжих” хүрээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, хоол үйлдвэрлэл, цахим боловсрол, үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх, тэгш хамран сургах чиглэлээр Монгол Улсад олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг болох сурагчдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих “Blindcare” төсөлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болсонд Боловсролын сайд П.Наранбаяр талархал илэрхийлэв. Тэрбээр боловсролын чанарын ялгааг арилгах, малчдын хүүхэд гэр бүлийн орчноос холдолгүйгээр сайн боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх Багийн бага сургуулийн төлөвлөлтийн талаар онцлон ярилцав.
Багийн бага сургуулийн менежмент нь алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд боловсролыг тэгш, хүртээмжтэй олгох оновчтой шийдэл болохыг Ази, Номхон далайн бүсийн Боловсролын зөвлөх Мицүэ Уэмура онцоллоо. Хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн зорилготой байгууллагын хувьд сурч боловсрох эрхийг хангахын тулд цаашид энэ төрлийн сургуулийг олшруулах, туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлэв.