Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр (2024.07.01) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнд үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, тойрог тус бүрээр хамгийн олон санал авсан нийт 78 нэр дэвшигчийн, мөн нам, эвслийн авсан саналын дүнд үндэслэн 48 нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргасан гэдгийг танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох сонгуулийг амжилттай зохион байгууллаа. Олон намын төлөөллийг хангаж, олон ургалч үзлээр хяналттай парламентыг бүрдүүлэхийг зорьсон зорилго биелж байна. Эмэгтэйчүүдийн төлөөлөл ч олон улсын дундаж түвшинд хүрч, Азидаа тэргүүлсэн парламент бүрдсэн. Санал тоолох төхөөрөмжид эргэлзээгүй болгох, сонгуулийн дүнд эргэлздэг хүмүүсийн эргэлзээг тайлж, Үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд 100 хувь хяналтын тооллого хийлгэхээр хуульчилсан. Сонгуулийн дүнд нийт иргэд эргэлзээгүй, сонгуулийн үйл ажиллагаа амжилттай болсон гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 2,224,233 сонгогч бүртгэгдэж, үүнээс түр хасав тэмдэглэгээтэй 134,284 сонгогч, үндсэн 2,089,949 сонгогчоос улсын хэмжээнд 69.85 хувийн ирцтэйгээр 6 дугаар сарын 28-ны өдөр санал хураалт болсон. Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 47 салбар комисст зохион байгуулагдаж, саналаа өгөхөөр бүртгүүлсэн 13,095 сонгогчоос 9,579 сонгогч саналаа өгч, 73.2 хувийн ирцтэй оролцжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.