СОНИН ХАЧИН

Хятад улс онлайн тоглоомыг “Электрон мансууруулагч” гэж нэрлэсний дараа хувьцаа нь унажээ

Төрийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан “Электрон мансууруулагч” гэж нэрлэсний дараа Хятадын хамгийн том онлайн тоглоомын хоёр компанийн хувьцаа буурчээ. Алдагдлаа буцааж нөхөхөөс өмнө Tencent болон NetEase-ийн хувьцаа Хонконгийн анхны арилжаагаар 10 гаруй хувиар унаад байсан юм.

Төрийн мэдлийн Economic Information Daily-д нийтлэгдсэн нийтлэлд өсвөр насныхан онлайн тоглоомд донтож байгааг анхааруулж, мөн “Honor of Kings” тоглоомыг иш татан, оюутнууд үүнийг өдөрт найман цаг хүртэл тоглож байгаа бөгөөд энэ салбарыг хязгаарлах хэрэгтэйг онцолсон байна. Нийтлэлд “Ямар ч салбар, ямар ч спорт бүтэн нэг үеийнхнийг сүйтгэх хэлбэрээр хөгжихийг зөвшөөрөх ёсгүй” гээд онлайн тоглоомыг “оюун санааны опиум”-тай зүйрлэжээ.

Харин Tencent хүүхдүүдийн “Honor of Kings” тоглоомыг тоглох хугацааг багасгах тал дээр шинэ арга хэмжээ нэвтрүүлэхээ мэдэгдээд байсан бол эцэст нь бодлогоо бүх тоглоомондоо хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан байна. Үүний дараа Economic Information Daily нийтлэлээ Wechat дээрх хуудаснаасаа устгаснаар хувьцааны ханш нь эргээд сэргэжээ.

Сүүлийн саруудад Хятадын эрх баригчид технологи болон хувийн боловсролын байгууллагуудад тавих хяналтаа чангатгахын тулд хэд хэдэн арга хэмжээ авахаа мэдэгдсэн билээ. Үүний улмаас хувьцаа нь энэ жил огцом унаад байгаа АНУ, Хонконг, эх газрын Хятадад бүртгэлтэй олон тооны хятад компаниудын зөвхөн нэг нь Tencent юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet