Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Хамас бүлэглэлийн удирдагч Яхья Синвар нарыг Газын зурваст дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах хүсэлт гаргаснаа мэдэгдлээ.
Мөн Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант, Хамас бүлэглэлийн улс төрийн удирдагч Исмаил Хание, цэргийн дарга Мохаммед Дейф нарыг баривчлах хүсэлт гаргасан байна.
Прокурор Карим Хан КС тэднийг дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл байгаа гэж үзэж байгаа аж.
Гаагд төвтэй ОУЭШ нь сүүлийн гурван жилийн турш эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх Израилын үйл ажиллагааг шалгаж байгаа бол сүүлийн үед Хамасын үйл ажиллагааг шалгаж эхлээд байгаа.
Аравдугаар сарын 7-нд болсон Хамас бүлэглэлийн дайралтаас үүдэлтэй Газын зурвасын дайнд дайны гэмт хэрэг үйлдсэн гэдгээ Израил үгүйсгэдэг бол Хамасын өндөр албан тушаалтан ОУЭШ-ийн шийдвэрийг “хохирогчийг цаазаар авахтай адил” гэж мэдэгдсэн байна.
Нетаньяхугийн улс төрийн өрсөлдөгч Израилын дайны танхимын сайд Бенни Ганц прокурорын шийдвэрийг буруушаажээ. Тэрээр "X" платформд "Улс орноо жигшүүрт терроризмоос хамгаалж буй ардчилсан улсын удирдагчдыг террорист байгууллагын удирдагчидтай харьцуулах нь шударга ёсыг гүнзгий гажуудуулсан, ёс суртахууны илт дампуурал юм" гэж нийтэлжээ.
Баривчлах захирамж гаргахад хангалттай нотлох баримт байгаа эсэхийг шүүхийн урьдчилсан шатны шүүгчид тогтооно.
Эх сурвалж: BBC