ЭМҮЭХ-ны тэргүүлэгч, эмч Ө.Анхболд: Эмч нар улсын дундаж цалинг л авмаар байна. Өөр юм хүсээгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд суулт зарлаж байгаа эмч нарын төлөөлөл болон цахимаар эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа.
Энэ үеэр ЭМҮЭХ-ны тэргүүлэгч, эмч Ө.Анхболд “Би вакцинжуулалт, улаан бүс гээд бүгдийг нь дамжиж ажилласан. Одоогоор ээлжийн амралттай байгаа учраас эрүүл мэндийн ажилтнуудаа төлөөлөөд төв талбайд суулт хийж байна. Ерөнхий сайдын хэлсэнчлэн олон улсын түвшинд хүрсэн чанартай тусламж үйлчилгээг үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилтнуудынхаа цалинг олон улсын түвшинд ойртуулах, ядаж улсын дундаж хэмжээнд хүргэх зорилготой суулт хийж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол багийн ажил. Улсын хэмжээнд 56 мянган эрүүл мэндийн ажилтан байгаагийн 20 орчим мянга нь эмч, сувилагч үлдсэн 36 мянга нь тангараг өргөөгүй ч бидэнтэй адилхан эрүүл мэндийн манаанд цар тахлын хүнд үед ажиллаж байгаа.

Цар тахлын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд энгийн иргэдтэй харьцуулахад халдвар авах эрсдэл 8-10 дахин их гэдгийг олон улсын байгууллагууд судлаад тогтоосон. Гэтэл тэр өндөр эрсдэл дунд ажиллаж байгаад халдварт өртсөн эмч нар листний мөнгө буюу үндсэн цалингийн 50 хувийг авч байгаа. Тэр нь биеэ тэнхрүүлээд эргээд ажилдаа ороход хүрэхгүй. 150 мянган төгрөг аваад улаан бүсээс гэртээ харьж байгаа эмч ямар нөөц бололцоогоороо эмээ, хоолныхоо махыг авах юм бэ. Бид хаана ч байхгүй урамшуулал шаардаагүй” гэсэн юм.

Хариулах