Анх 2019 онд Норвегид гарч ирсэн, Оросын тагнуул байж магадгүй хэмээн сэрдэгддэг белуга халим Шведийн эргийн ойролцоо дахин гарч ирснийг халимын хөдөлгөөнийг ажигладаг байгууллага мэдэгдэв.
Халим анх Норвегийн хойд туйлын Финмаркийн бүсээс олдож байв. Халимын биед бүсээр бэхэлсэн камер байсан бөгөөд бүсний хуванцар хавчаар дээр “Санкт Петербургийн өмч” гэсэн бичиг бичээстэй байжээ. Тухайн үед Норвегийн Загас агнуурын газрын далайн биологичид халимаас камерыг салгасан юм.
Тус албаны хүмүүс халимыг Оросын тэнгисийн цэргийн хүчинд сургагдаж байгаад зугтсан байж болзошгүй хэмээн таамагладаг.
Норвегичууд норвеги хэлээр “халим” гэсэн утгатай “хвал” гэсэн үгийг Оростой холбоотой “димир” гэсэн үгтэй нийлүүлэн белуга халимыг "Хвалдимир" гэж хочилдог болсон байна.
Халимыг анх олдсон цагаас хойш мөрдөж буй “OneWhale” байгууллага Хвалдимирыг гурван жил гаруй хугацаанд Норвегийн эргийн дагуу аажмаар уруудсаар, сүүлийн саруудад гэнэт хурдаа нэмж, Шведийг чиглэн сэлж байгааг даваа гарагт мэдэгджээ.
Ням гарагт Хвалдимир Шведийн баруун өмнөд эргийн ойролцоох Хуннебосрандад ажиглагдсан болохыг тус байгууллага мэдэгдэв.
“OneWhale” байгууллага Хвалдимирыг яагаад хурдаа нэмж байгааг тайлбарлаж чадахгүй байгаа боловч даавар эсвэл ганцаардлын улмаас ижил сүргээ олохыг эрмэлзэж байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна.
Халимыг 13-14 настай гэж үздэг ба халимын даавар энэ насанд маш өндөр байдаг байна. Мөн халим 2019 оны дөрөвдүгээр сард Норвегид ирснээсээ хойш ганц ч белуга халимтай тааралдаагүй аж.
“OneWhale” байгууллагын цахим хуудсанд бичсэнээр “Хвалдимир бол зэрлэг халим биш. Тэр төөрсөн эсвэл хаягдсан тэжээвэр амьтан шиг байдаг. Тэр хүмүүсээс зайлсхийхийн оронд тэднийг хайж байдаг” гэж тодорхойлсон байна.
Эх сурвалж: Al Jazeera

#Норвеги, #Швед, #Хвалдимир, #Оросын тагнуулч халим,