Дэлхийн томоохон нуур, цөөрмүүдийн талаас илүү хувь нь 1990-ээд оны эхэн үеэс хойш хэмжээгээр багассан нь гол төлөв уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуй, усан цахилгаан станц, хүний хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой болохыг пүрэв гарагт нийтэлсэн судалгаа харуулжээ.
Олон улсын судлаачдын баг Европ, Азийн хоорондох Каспийн тэнгисээс Өмнөд Америкийн Титикака нуур хүртэл дэлхийн хамгийн чухал цэнгэг усны эх үүсвэрийн зарим нь бараг гучин жилийн турш жил бүр 22 гигатонн усаа алдсаныг мэдэгдэв. Энэ нь Америкийн хамгийн том усны нөөц болох Мид нуурын эзлэхүүнээс 17 дахин их тоо юм.
“Science” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааг ахалсан Виржиниагийн их сургуулийн гадаргын ус судлаач Фангфан Яо байгалийн нуурууд ширгэсэн шалтгааны 56% нь дэлхийн дулаарал болон хүний хэрэглээнээс үүдэлтэй, ингэхдээ ихэнх нь дулааралтай холбоотой болохыг хэлсэн байна.
Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий даяар ган гачигтай газрууд улам хуурайшиж, чийгтэй газрууд улам чийглэг болно гэж ерөнхийд нь тайлбарладаг ч чийглэг бүс нутагт ч их хэмжээний ус ууршдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
“Үүнийг үл тоомсорлож болохгүй” гэж Яо анхааруулав.
Эрдэмтэд уг судалгаанд зориулж хиймэл дагуулын хэмжилтийг цаг уурын болон гидрологийн загвартай хослуулан бараг 2,000 том нуурыг хэмжсэн байна.
Үр дүнд нь, хүний зохисгүй хэрэглээ, хур тунадас болон урсцын өөрчлөлт, тунадасжилт, температурын өсөлт зэрэг нь дэлхийн хэмжээнд нууруудын түвшин буурахад хүргэсэн бөгөөд 1992 оноос 2020 оны хооронд нууруудын 53% нь ямар нэг хэмжээгээр ширгэсэн болохыг тогтоожээ.
Ширгэж буй нууруудын сав газарт амьдардаг хоёр тэрбум орчим хүн нөлөөлөлд нь шууд өртөж байгаа ба сүүлийн жилүүдэд олон бүс нутаг усны хомсдолд орсон байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн аймшигт үр дагавраас зайлсхийхийн тулд дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.5 хэмээс хэтрүүлэхгүй тогтоон барих шаардлагатайг эрдэмтэд эртнээс анхааруулсаар ирсэн. Одоогоор дэлхий Цельсийн 1.1 орчим хэмээр дулаарсан байна.
Төв Азийн Арал тэнгис, Ойрх Дорнодын Сөнөсөн тэнгис зэрэг нуурууд хүний зохисгүй хэрэглээнээс болж ширгэсэн бол Афганистан, Египет, Монголын нуурууд агаарын температурын өсөлтөд нэрвэгдсэн болохыг судалгаанд дурджээ.
Эсрэгээрээ, Төвөдийн өндөрлөг зэрэг алслагдсан бүс нутагт далан барьсны үр дүнд зарим нууруудын түвшин дөрөвний нэгээр нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Дэлхийн дулаарал, #нуур, #усны нөөц,