Хэрүүл хараал ер тасрахгүй юмаа даа. Хэрүүл хэрүүлдээ төр, засгийг түншсэн том хэрүүл удаа дараалан гарсаар л.

Сүүлчийнх нь нүүрс хулгайлсан гэх дуулиан дэгдчихээд байна. Өмнө нь ЖДҮ-ийн гэх хэрэг байсан. Дараа нь шуурга шиг хэрүүлтэй байгаа Хөгжлийн банкны луйврын гээд хэдэн жилийн өмнөх хэллэгээр цагаан захтны гэмээр хэргийн дуулиан гэмтнүүдийг үе үе айлгаж цочоосоор байна.

ЖДҮ болон Хөгжлийн банкны хэрэгт жирийн иргэд нэг ч оролцоогүй ээ. Зөвхөн эрх баригч МАН-ын удирдах зарим хүмүүс УИХ-ын нэр бүхий нөхөд хамаатай байсан.

Ер нь Монголд нэр нөлөө бүхий этгээдүүд томоохон хэрэгтэй холбогдохоороо аль нэг гарз багатай гэхээр нэгнээ онилж түүгээр “туг тахина” гээч болоод бусад нь нэр цэвэр үлддэг онцгой арга барил бий болсон цаг юм сан уу.

ЖДҮ яалаа яг л тийм юм болсон. Тэр дуулианыг Хөгжлийн банкны луйвар гэдэг хэргээр өнгөлөн далдлахыг оролдсон. Зорилгоо ч бараг биелүүлсэн байх.

Хөгжлийн банкийг тоногсод хэн байв гэвэл бас л УИХ-ын эрхмүүд голдуу 10 гаруй хүний нэр дурдагдсан. Тэд нэг үе нэлээд сандралдсан даа.

Гэтэл одоо нүүрсний хулгай гэх бүлэглэлийн дуулианаар тэр хэрэг бүдгэрэх тийш хандав бололтой. Хөгжлийн банкны хэрэгт холбогдогчид одоо сандарлаа бага зэрэг дарж харин ч сандал суудлаа бэхжүүлж сайд майд болсон нь ч бий. Зарим нь мөн л шинэ албан тушаал, хэргэм зүүдэлсэн маягтай яваа сурагтай.

Хөгжлийн банк нь улс орны хувь заяаг шийдэх зорилготой байгуулагдсан газрын нэг гэдэг. Монгол хүн бүрийн нуруун дээрх ачааг хөнгөлөх, зээл бондын өрийг төлөх ёстой юм л даа.

Гэтэл тэр хөрөнгийг нь дээдчүүл гэхээр нөхөд үгсэн хуйвалдаж байгаад зээл нэрээр хувааж аваад тэр банкийг дампууруулахаа шахсан. Одоо 700 гаруй тэрбумын зээлийг эргэн төлүүлсэн гээд байгаа ч чанаргүй зээлийн хэмжээ огт хөндөгдөөгүй л байгаа юм билээ.

Гэтэл саяхнаас нүүрстэй холбоотой хэрүүл шуугиан дэгдэж эхэллээ. Нүүрсний мафи гэдэг нэр томъёо бий болов. Оффтейк гэрээ гэж яриад байгаа. Уг гэрээг нууцын тухай хуулиар зохицуулсан гэх юм. Чухамдаа нүүрс хулгайлах боломжийг бүлэглэлдээ гаргаж өгсөн нь тэр биз. Энэ ямар гэрээ вэ гэвэл хийгдээгүй ажлын мөнгийг урьдчилан шилжүүлж өгдөг идэх завшихын үүдийг нээсэн хэрэг юм.

Үүнээс болж Хятад руу гаргасан нүүрсний мөнгө тэндээ барилгын материал болж үлддэг гэсэн яриа өндөр авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Хятад руу зарсан нүүрсний үнэ 2,5 тэрбум ам долларыг Хятадын барилгын компани руу ямар бүлэглэл гаргасныг ил болгож зарлах явдал чухал юм гэсэн байналээ.

Ер нь бол нүүрсний хулгай гэдэг асуудал шинэ юм биш. 2011, 2013 оноос эхлэлтэй нь илчлэгдэж хяналт шалгалт хийлээ гэгдэж байсан шүү дээ.

Энэ нь нүүрс хулгайлдаг том бүлэглэл тэр үед өсөн бойжиж хэрэг эхэлсэн бодит баримтуудыг хууль хяналтынхан мэдэж байсан л болж таардаг. УИХ, Засгийн газраас шалгалтын комисс гаргаж хяналаа, шалгалаа гэсэн. Гэвч нөгөө кинон дээр гардагчлан “Ийм хэрэг болсон нь харамсалтай. Үүнийг магадлая” гэдэг шиг л юм болоод өнгөрсөн байдаг. Шалгаад ийм хулгай зэлгий гарсан нь үнэн байна гэсэн боловч дараа нь уг хэргийг Хятадын тал мэдээлэл өгсөнгүй гээд хэрэгсэхгүй болгож чадсан л байгаа юм. Нүүрс хулгайлсан гэх ямар баримт байсан тухай заримаас нь дурдая.

Тавантолгойн ордоос нүүрс алга болсон анхны хэргийг 2013 онд хуулийнхан шалгаж эхэлсэн ч тухайн үед прокурор, цагдаагийн байгууллагыг удирдаж байсан хүмүүсийн үүрэг даалгавраар хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.

Энэ нь уг хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон учир тэгж шийдвэрлэхээс аргагүйд хүрсэн шиг байгаа юм.

Тэр үед худалдаж авсан нүүрснээс 300 мянган тонноор илүү буюу нийт 2.1 сая тонныг хилээр гаргасан гэх баримт хууль сахиулагчид болон Сангийн сайдын ахалсан Ажлын хэсгийнхэнд ирсэн байдаг. Үүнийг тодруулж хэлбэл, “Тавантолгой транс”-ын нэр дээр бүртгэлтэй хүнд даацын машин 300 гаруй удаа “хоосон” гэсэн гаалийн бүрдүүлэлттэйгээр хилээр нэвтэрч байсныг нотолсон бий.

Мөн үүгээр тогтохгүй нүүрс тээврийн 20 гаруй аж ахуйн нэгжийн 4000 машин хилээр хоосон гарлаа гэсэн мөртлөө өмнөд хөрш рүү орохдоо машин бүр 100 гаруй тонн нүүрс ачсан гэсэн гаалийн бүрдүүлэлттэй явсан баримтууд байсан юм билээ.

Цаашилбал Аудитын байгууллагын дүгнэлтээр 22 мянга гаруй тээврийн хэрэгслээр 900-гаад мянган удаагийн рейсээр нүүрс хил нэвтрүүлсэн бөгөөд тэр дунд хүнд даацын 600 машин 4000 удаа тэвш хоосон гарсан гэх гаалийн бүрдүүлэлт хийгдсэн байв. Гэвч энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг Хятадын тал өгөөгүй гэсэн шалтгаанаар мартагнуулсан юм билээ.

Мөн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн өмчит Таван толгой компанийн хооронд өрнөсөн уурхайгаас мөргөцөг алга болсон гэх хэрэг эзэн нь тодорхой ч хулгай гэж үзэлгүй 10 гаруй мянган тонн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой”-д буцаан олголоо гэдгээр хэргийг бүдгэрүүлж өнгөрөөсөн.

Харин хамгийн сүүлд буюу энэ оны долдугаар сараас хууль хяналтын байгууллагынхан нүүрстэй холбоотой шинэ хэргийг шалгах түр хороо гэж ажиллуулж байгаа юм билээ.

Эдний шалгалтын явцад хуучин хэргүүд ч сөхөгдөж бас зарим компанийн удирдах хүмүүс болон хилийн цэргийн албан тушаалтнууд, гаалийн байцаагчид оролцсон томоохон бүлэглэл байгаа нь илчлэгдэж эхлээд байна.

Нүүрс хулгайлсан гэдэг хэрэг өнөөг хүртэл үргэлжилж буй нь ч үнэн бололтой. Энэ нь Монгол улс, Хятадын гаалийн байгууллагын мэдээ эрс зөрөөтэй байгаагаар харагддаг. Яг тодорхой баримт хэлэхэд нийт хоёр сая тонн буюу 200 сая ам долларын нүүрс хил, гаалиар бүртгэлгүй гаргаж хулгайлагдсан нь үнэн аж.

Энэ тухайд Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын албаны дарга Б.Сүхбаатар үгсэн хуйвалдаж нүүрсний хулгайд оролцсон албан тушаалтнууддаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж саяхан хэлнэ лээ.

Гэвч зөвхөн гаалийнхан биш хилийн цэрэг, мэргэжлийн хяналтынхан, авто тээврийнхэн, тэр ч байтугай тагнуулынхан ч нүүрс хулгайлсан хэрэгт хамаатай болж байх шиг. Тэгэхлээр нүүрс хулгай хийдэг том бүлэглэлийн дээд талд хэн байгааг төсөөлөхөд ч хялбар байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ нүүрсний хулгайн хэрэгтэй тэмцэхээ зарласан энэ амлалтаасаа ч буцахгүй байхаа. Тэмцлийнхээ урьдал болгож “Эрдэнэс Тавантолгой”-д онц дэглэм тогтоон Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчөө томилсон. Тэндхийн зарим албан тушаалтыг сэжигтнээр баривчилсан.

Гэлээ гээд ямар үр дүн гарах нь одоогоор тодорхойгүй л байгаа. Урьд нь бас компанийн захирал байсан Д.Ариунболдыг бас барьж, тавьлаа л юм болсон. Мөн захирал Б.Хаянхярваагийн илт хахууль авсныг нотлосон ч яльгүйхэн торгоод л өнгөрөөсөн.

Сая Б.Ганхуягийг захирлаас чөлөөллөө юм болов. Гэтэл Б.Ганхуяг намайг буруу мэдээллээс болж ажлаас халлаа. Компанийн ажил хэвийн л байсан гэж маргаад байгаа юм. Нээрээ ч түүний хэлж байгаагаар сүүлийн 2-3 жилд борлуулсан нүүрсний орлогыг нэг жилийнх болгож мэдээлсэн нь сайд Ч.Хүрэлбаатарын алдаа ч юм шиг ажиглагддаг гэж зарим нь хэлдэг.

Энэ мэт хар нүүрсний улаан хэрүүл гэр, байшин хаа ч багтамгүй үргэлжилсээр байна. Бас хулгайн нүүрс зөвхөн урьд хил Гашуун сухайт, Ханги боомтоор биш өөр боомтуудаар гарсан тухай мэдээлэл бий.

Тухайлбал Булганы боомтоор гэхэд өнгөрсөн аравдугаар сарын байдлаар 1.845 мянган тонн нүүрс гаргасан мэдээ бий. Гэтэл Хятадын тал 2300 орчим тонн нүүрс хүлээж авсан байна гэж түр хорооны мэдээлэлд байна лээ.

Энэ бүхнээс харахад нүүрсний хулгайн бүлэглэл мөн ч өргөн хүрээтэй ажиллаж Монголынхоо ганц амь зогоох баялагийг хувийн ашиг сонирхолд нийцүүлж байна гэж болноо доо.

“Эрдэнэс Тавантолгой”-н бүрэн эрхэт төлөөлөгчийн зүгээс нүүрс хилээр гаргаж байгаа үйл явцыг ил тод болгож байгаа гэх. Эндээс л нүүрсний хулгайг таслан зогсоож цаашид ужгируулахгүй байх боломж гэж харж болно.

Гэтэл төр, засгийн түвшинд нүүрс тээврийн асуудлыг хэлэлцэх болохоор хаалттай гэдэг нь бас “но”-той хэрэг бишүү.

Ард иргэд нүүрсний хулгайн талаарх мэдээллийг бүрэн авч хэн гэдэг албан тушаалтан энэ хэрэгт холбогдсоныг мэдэхийг хүсч байна.

Энэ нь нүүрсний хулгайн хэргийн зарим хэсгийг нууцлаж байгаад хэн нэгнийгээ зольж бусад нь буюу жинхэнэ эзэд нь энхийн цагаан тагтаа мэт болоод үлдэх вий гэж санаа зовсны илрэл юм.

Нүүрсний хулгайтай тэмцэх түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд хянаж шалгаж байна гээд түр хорооны үндсэн зорилго нь нийгэмд бий болоод байгаа дуулианы учир явдлыг ил гаргах ёстой. Үнэхээр 22 мянга 600 машин нүүрс хулгайд алдагдсан нь үнэн бол ноцтой асуудал гэжээ.

Бас тэр хийж буй ажлынхаа эрч хүчийг сулруулж ядсан юм шиг нүүрс хулгайд алдагсан эсэхийг хэлэхэд эрт байна гэж булзааруулсан аястай үг хэлсэн бий. Тэгвэл нүүрс хулгайлсан гэх зөндөө баримт түмэнд ил болчихсон байхад энэ хүн нүүрс алдагдсаныг тогтоохоор одоо нотлох баримт цуглуулж байна гээд сууж байх юм.

Энэ байдлаас юу харагдав гэвэл нөгөө ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэг шиг нүүрс, хулгай гэж сүр болсон дүр үзүүлж байгаад мартагдуулах гэж магадгүй нь гэж ойлгогдож буй юм.

Аливаа дуулианы ард заавал юм шиг улстөрчдийн нэр гардаг болсон нь нэгийг хэлээд байна л даа. ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэгт гэхэд зөвхөн улстөрчид, тэр дотор УИХ-ын гишүүд, эрх баригч намынхан байсан шүү дээ.

Тиймээс авах завшихыг урьдал болгодог нөхдийг сонгогч бид дээрээ аваачаад залчихсан юм байна. Дээдчүүл нь дураараа загнадаг болчихсон юмсан уу гэж бодогдоно. Нүүрсээ зарж валют олж улс орныхоо хөгжил цэцэглэлд нэмэр болох, ард иргэдийнхээ амьдрал ахуйг өөд татах ёстой байтал дээд албаныхан оролцсон нүүрс хулгай хийдэг бүлэглэлийнхэн ихээхэн хэсгийг хамж авч завшдаг нь нэгэнт аль хэдийнээ ил болсон байдаг.

Үгүй ер улс орны эдийн засгийн бодлогоос давсан хорон үйл ажиллагаа явуулж олон жилийн нүүр үзэхдээ нүүрс хулгайлагчид хэдэн зуун тэрбумаар нь мөнгө идчихжээ. Ард түмэнд хайран байлгүй яахав.

Гэтэл үүнийг нууцалж далдалсаар бараг 10 гаруй жил болчихжээ. Нүүрсний асуудал ярихаар төр, засгийнхан бие биеэ чичилж, “чи идсэн, би уусан” гэж хэрэлддэг явдал ч ширүүслээ. Арга ч үгүй юм. УИХ-д гэхэд нүүрс тээвэрлэдэг нөхөд ч бий. Уг бүлэглэлд багтдаг гэсэн шинэ нэрүүд ч дуулдаж л байна.

Тийнхүү хар нүүрсний улаан хэрүүл хуурай модонд дэгдсэн түймэр мэт ассаар л.

Д.ЦЭРЭННАДМИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 223 (6955)

#онцолсон, #Нүүрс,