|“Ааруул амтлах мөчид” зурагт номын тухай|

Монголчууд эртнээс уламжлагдаж ирсэн өв соёл, ёс заншлын арвин баялаг түүхтэй. Мэдээж улс орон болгонд уламжлалт ёс заншил, хоол ундны арвин баялыг өв бий. Харин бидний ондоошил бол нүүдлийн соёл иргэншил юм. Мал аж ахуй эрхлэхийн хэрээр нүүдлийн соёл эртнээс хөгжиж ирсэн ба үүнийгээ дагаад хоол унд нь улирлан чанартай болж төлөвшсөн юм. Үүний нэг нь уламжлалт цагаан идээ. Тэр дундаа зуны цагт малынхаа сүү, аарцаар хийсэн ааруул болоод ээзгий, өрөм, тараг зэргийг монголчууд түлхүү хэрэглэж заншсан.

Дээрх бүгдийг нуршсан учир нь өнгөрсөн онд Өмнөд Солонгосын зохиолч Ли Санг хи “Ааруул амтлах мөчид” хэмээх хүүхдийн ном бичиж Азийн шилдэг зохиолын уралдаанд шалгарснаар хятад, солонгос, англи, монгол хэлнээ орчуулагдсан юм. Харин тус бүтээлийн зургийг Монсудар хэвлэлийн газрын “Жангар” редакцийн зураач Б.Төрмөнх урлажээ.

ЧУХАЛ СОНГОЛТ

Уг зурагт ном нь БНСУ-ын Азийн соёлын төвийн олон улсын хамтын ажиллагааны төслийн хүрээнд зарласан уралдаанд шалгарсан бүтээлүүдийн нэг юм. Солонгосын зохиолч Ли Санг Хигийн бүтээлд монголын зураач Б.Төрмөнх зураачаар ажиллаж, солонгосын Гадаад Судлалын Их сургуулийн Төв Ази судлалын төвд судлаач, профессор Ли Пён Рэ монгол хэлнээ дуун хөрвүүлсэн байна. Гэвч тус ном нь манай улсад тун цөөн тоогоор хэвлэгдсэн болохыг дурдууштай.

Ямартаа ч гадаадын ихэнх уран бүтээлчид манай орны тухай бүтээл хийхдээ XIII зууны үеийн их байлдан дагуулалт, Чингис хаан, хатад, дэлхийг тамгалсан монгол морьд, хаадын түүхийг сонгох нь элбэг байдаг. Харин Ли Санг Хи монголчуудын уламжлалт идээ ундааны нэг ааруулыг чухалчлан авч үзсэн байна.

Ингэхдээ зохиолыг орчин үеийн болон цаг хугацаагаар аялах нийтлэг аргатай харгалдуулан зэрэгцээ ертөнцийн бүтээл байдлаар сүлжин гаргасан нь тун ч онцлууштай болгож өгчээ.

Ерөөс уг бүтээлд Курёгийн хаан болон Юань гүрний монгол гүнжээс мэндэлсэн ханхүү, мэргэн ухаан, бөх барилдах чадвараараа алдаршсан Хайду хааны охин Хутулан гүнж, монгол ардын аман зохиолын нэгэн дүр ухаант охин гурав “Чингис хаан” олон улсын нисэх буудал дотор учирч цаг хугацааны гайхалтай аялалд гарч буй тухай өгүүлнэ.

ЗОХИОЛЫН ХЭЛБЭРШИЛ

Хүүхдийн номын зохиол илүү чөлөөт сэтгэлгээ, түүн дотор логикийн алдаагүй үйл явдлын хэлбэршил, дүрүүдийн энгийн бөгөөд гүн гүнзгий утга агуулгын гүнзгийрэл шаардагддаг учраас үүнд өнгөцхөн хандаж болохгүй санагддаг. Учир нь “хүүхэд шүү дээ” гээд чихрээр хуурчих гэдэг тохиол цөөнгүй. Гэтэл угтаа эсрэг байдаг. Аливаа бүтээл бүр хөдөлмөр, авьяас, олон талын судалгааг, шинэ сэтгэлгээг цаг ямагт шаарддаг. Хүүхдийн зохиол ч мөн үүнтэй ижил.

Тиймээс л хүүхдийн номын зохиолч Ли Санг Хи түүх, орчин үе, уран зөгнөл гурвыг сүлж, дүрүүдийг сонгох судалгааг оновчтой бүтээснээр “Ааруул амтлах мөчид” номыг зохиолыг бий болгосон байна. Онгоцны буудлын номын тасагт таарсан гурван найзын нэгнийх нь цүнхнээс ааруул асгарна. Тэд ааруул амтлан ном унших мөчид онгоцны буудал даяар чичирхийлэх чимээ үүсэж 13 дугаар зуунд зочилдог. Магадгүй энэ нь тун хямдхан холбоос байж болох ч зохиолын хувьд заавал өнгөрсөн зуунд ямар нэгэн мөчлөгөөр дамжин орох ёстой дүрмийг зөрчсөн зүйл биш. Учир нь тэдний амталсан ааруулд “ид шид” байсан ч байж мэдэх. Ийм л төсөөлөл, дахин унших хүслийг өдөөх бүтээлийн санаа хүүхдийн зохиолд тун чухал байдаг.

Зохиол цаашид өнгөрсөн түүхийн улбаан дотор өрнөх боловч чухал элементүүдийг орхисонгүй. Жишээ нь Хутулун гүнжийн бөх барилддаг болохыг зарим газарт шигтгэж оруулахаар гадна мэхээртэй ааруул хийх дэс дараалал, эхийн сургааль, гүнжийн эр зориг, цөлийн шөнө, тэнд буй амьтан, баяр наадмыг ч орхигдуулсангүй. Гол энэ бүхнийг дараалан тоочихдоо нуршиж явгалаагүй ба ааруул хазлах “Тор, тор...” хийсэн чимээгээр бүтээлийн эцсийн цэгийг хатгасан нь тун ч оновчтой.

ТҮҮХИЙН УЛБААНД АГУУЛАГДАХ ЗӨГНӨЛТ ЗУРГИЙН ҮНЭ ЦЭН

Номын зургуудад орчин үеийн иргэншил болоод 13 дугаар зууны үеийн монголчуудын аж төрөхүй, уламжлалт идээний нэг болох ааруул хэрхэн хийж буйг өнгө будаг, туурвин бүтээгчийн сэтгэлгээний онцлогоор илэрхийлэн харуулжээ. Хуудасны зураг бүр зохиолын үргэлжлэн буй үйл явдлын гол цөм, утга санааг цогцоор илэрхийлэн харуулна.

Наран улбар туяагаа тэнгэрийн хээлээр цацан дэвссээр жаргаж буй агшинд зохиолын гол дүрүүд говийн толгод дундуур хурдлан давхиж явна. Зохиолд энэ агшинд чоно улих чимээ дуулддаг. Тиймээс ч толгодыг аварга том хадан цохио мэтээр зурагт тодосгон үзүүлж, тэндээс ургав уу гэлтэй чонын толгойг дүрслэн гаргажээ. Наран жаргах зүгийн газрын байдал, тэнгэрийн өнгө номин ногооноор солонгорон байвч нөгөө талд саран ургаж, толгодыг цэнхэр туяагаар сүлжээ. Хүүхдүүдэд шөнө улих чонын дуу айдас төрүүлэх нь мэдээж. Тиймээс ч толгод хадан цохио мэт өндөр, тэр л цохио, толгодын чинадаас айдсыг нь төлөөлж байх шиг аварга том чоно дүүлэн гарч ирэх мэт санагдана.

Үүнээс гадна тус зурагт Б.Төрмөнх зураачийн юмсыг амьдшуулах үйл явц жаргах нар, толгодтой нэгэн цул болсон чонын дүрслэл, гэр доторх тулга, тогоо, хөхүүр зэрэг эдлэл хэрэгсэлд цөм шингэсэн байх амуй.

Нөгөө талаас номын зургуудыг бүхэлд нь реалист гэж тодорхойлж болно. Харин бусдаас онцлог болгосон шинж нь үүн дээр уран зөгнөлийг хольсонд байгаа юм. Мэдээж зохиол нь өөрөө цаг хугацааны аялалын шинжтэй, түүхэн ай савд хамрагдах бол зураг цаг хугацааны нөгөө талыг харуулсан уран зөгнөлийн шинжийг илүүтэй агуулсан байна. Тиймдээ ч бидний өдөр тутамд хэрэглэж ирсэн идээ болох ааруул нь зохиолчийн төсөөллөөр улам баяжиж, зураачийн сэтгэлгээгээр амилснаар хүүхдийн зурагт номд агуулагдах үнэт чанарыг тод томруунаар илэрхийлсэн хэрэг билээ.

Мөнхүү Шар, Хутулун хоёрыг мэхээртэй ааруул хийх нууцыг мэдэхээр явах зам, говьд чоно улих дуулдаж байсныг жаргах нарны улбар туяа, цэлдэн хөх өнгөөр зурж дүрсэлсэн бол буцах замын аюулгүй, эзгүй хээрийг үүл нь толгодын бэлээр сунан унжсан амар амгалан, бүдэг цангасан ногоондуу өнгөөр биежүүлжээ. Энэ нь зураачийн мэдрэмж, зохиолын үйлд явдал болоод текстийг сайтар бодолцож бүтээсний үндсэн дээр буй болсон символист өгүүлэмж юм.

ЗАНГИДАХ ҮГ

Зохиол бол амьдралын бодит хуулбар биш. Ямар нэг байдлаар дээгүүр түвшинд бичигдэх ёстой. Магадгүй бодит оршихуйг ямар нэг хэмжээгээр тааруулан урласан байх учиртай байж ч мэднэ. Уран зохиолын ер бусын шинж чанарыг илүү товойлгон гаргасныг болзолт дүр гэдэг шүү дээ. Тус номд өгүүлэгдэх гүнж, ханхүү нар яг л тийм дүр бөгөөд цаг хугацааны аялал нь ч басхүү бусдын хүсдэг ид шидийн нэг хэсэг болон оршиж буй. Үүнд л бидний хүүхдүүдийн хүсдэг зүйл, ямар нэгэн гүнзгий ойлтголт, танин мэдэхүйгээр дамжуулан уламжлалыг хүртээх гэсэн соёлын үнэ цэн оршдог.

Судалгаагаар бага насандаа хүүхэд номын гол баатрын үйл явдлыг сонирхож эхлэхийн зэрэгцээ хүүхдийн сэтгэл хөдлөлд өөрчилт гарч эхэлдэг. Дөнгөж хэлд орсон хүүхэд “энэ юу вэ” гэсэн асуулт тавьж эхлэхээс авахуулан зурагт ном үзүүлэн ажиллахад сайн үр дүн гардаг гэсэн буй. Тэгвэл одоо эсрэгээр нь та хүүхдээсээ “Ааруул гэж юу вэ” гэх асуултыг тавиад үз. Хариултыг нь тэд өгөхгүй байж болно. Харин энэ үед л “Ааруул амтлах мөчид” номыг уншуулах нь ухаалаг сонголт байх болов уу.

#онцолсон, #Books, #шинэ ном,