БОЛОВСРОЛ

Дэлхийн шилдэг багшаар тосгоны багш тодорлоо

Олон улсын боловсролын “Varkey Foundation” байгууллага жил бүр дэлхийн шилдэг багшийг шалгаруулж 1 сая ам.долларын шагнал олгодог. Энэ жилийн дэлхийн шилдэг багшаар Энэтхэгийн баруун хэсэгт орших Махараштра мужийн ган гачигт нэрвэгдсэн Паритевади тосгоны Зилла Паришад бага сургуульд багшилдаг Дисале шалгарчээ.

Дисале насанд хүрээгүй охидуудыг гэрлүүлэхийн эсрэг тэмцэж, эмзэг бүлгийн охидуудыг сургуульд сурахад ихэд анхаардаг байна. Түүнчлэн тэрбээр дэлхийн 83 орны сурагчдад байгалийн шинжлэх ухааныг онлайнаар зааж, мөргөлдөөний бүсэд амьдардаг хүүхэд, залуусыг чиглэсэн төсөлт хөтөлбөр хэрэгжүүлдэг ажээ. “Varkey Foundation” сангаас жил бүр олгодог “Дэлхийн шилдэг багш” шагналыг үүсгэн байгуулагч, Энэтхэгийн бизнесмэн Санни Варки “Энэ шагналын гол зорилго нь багшийн мэргэжлийн нэр хүндийг өргөх юм. Питер Табичи багшийн түүх багш болох хүсэлтэй хүн бүрт урам зориг өгнө” гэж хэлжээ. Олон судалгаанд өгүүлснээр багш мэргэжил эзэмшихэд хамгийн таатай улс орон бол Хятад гэсэн байдаг.

2013 онд Суссексийн их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Питер Долтон “Varkey Foundation” байгууллагатай хамтран судалгаа хийхэд сонгосон 21 улсын дотроос Хятад Улсын багш нар нийгэмдээ хамгийн их хүндлэгддэг гэсэн үр дүн гарчээ. Ганцхан энэ улсад багш нар нь эмч нартай ижил түвшинд үнэлэгдэж, эцэг эхчүүд нь хүүхдээ багш болохыг хамгийн их дэмждэг нь судалгаагаар ил болсон байна. Үүнд багш хүнийг дээдэлдэг Азийн, тэр дотроо Хятадын уламжлалт соёлын нөлөө байгаа гэж Долтон профессор дүгнэжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet