Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, С.Эрдэнэбат, С.Замира, Б.Мөнхсоёл, Д.Энхтуяа, Г.Хосбаяр, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшин, П.Батчимэг, Х.Булгантуяа, М.Ганхүлэг, П.Сайнзориг нарын 31 гишүүнээс санаачлан боловсруулсан Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Эрчим хүчний тухай хуулийг 25 жилийн өмнө баталсан бөгөөд энэ хуулиар цахилгаан, дулаан гэсэн хоёр том асуудлыг зохицуулсаар ирсэн байна. Дулаан хангамжийн цар хүрээ өсөн нэмэгдэж, техник, эдийн засаг, зах зээлийн харилцаанд шинэ ойлголт, дэвшлүүд гарч, салбарын хөгжилд зохицуулах шаардлагатай сорилтуудыг уг хуулиар үр дүнтэй зохицуулах боломжгүй болсон тул найман орны 12 хуулийг судалж, салбарын төлөөллүүдээр хэлэлцүүлж, санал авсны үндсэнд дээр энэхүү анхдагч хуулийн төслийг боловсруулсан гэдгээ Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг танилцуулж байлаа.
Хуулийн төслийн зорилго нь дулаан хангамжийн системийг найдвартай, аюулгүй, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэх замаар иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангахад чиглэжээ.
Монгол Улсын дулаан хангамжийн салбарын эрх зүйн үндсийг тогтоож, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, хэрэглэх зэрэг оролцогч талуудын эрх үүргийг тодорхойлох, дулаан хангамжийн системийн найдвартай, аюулгүй, үр ашигтай байдлыг хангах, түүнд тавих хяналтын тогтолцоог бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах энэхүү хуулийн төсөл нь 12 бүлэгтэй аж.
Төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, дулаан хангамжийг бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдэх сонголт, боломжийг нээлттэй болгож, үйл ажиллагаа явуулахад хүндрэл, бэрхшээл, төрийн оролцоо багатай байх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн зохицуулалтуудыг тусгажээ.
Мөн дулааны эрчим хүчийг тоолуураар тооцох үндсэн зарчмыг хуульд тодорхойлж, дулааны эрчим хүчний нэгдсэн баланс гаргах тогтолцоог бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэснээр дулаан хангамжийн системийн үр ашгийг хэмжих, үнэлэх, сайжруулах боломж бүрдэхийн зэрэгцээ хэрэглэгчийн хувьд хэрэглэсэн дулааны төлбөрөө тоолуураар тооцуулах боломж бүрдсэнээр төлбөрийн шударга зарчим үйлчилж, дулааны эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй ашиглах бодит хөшүүрэг, механизм бүрдэх аж.
Түүнчлэн хуулийн төсөлд дулаан хангамжийн системд оролцогч талуудын эрх, үүргийг нарийвчлан тодорхойлсноор дулааны эрчим хүчний тасралтгүй, найдвартай, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэхэд дулаан хангамжийн байгууллагууд болон хэрэглэгчийн оролцоо, хувь нэмэр, үүрэг хариуцлагын хүрээ, зааг ялгаа, салбарт хяналт шалгалт хийх зарчим, тогтолцоог тодорхой болгосон байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах тогтолцоог бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Энэ хүрээнд дулаан хангамжийн асуудлаар төрөөс баримтлах бодлогын суурь зарчмыг тодорхойлж, хэрэглэгчийг найдвартай, тасралтгүй, аюулгүй, үр ашигтай дулаанаар хангах тогтолцоо бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй хамт Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3573
EUR | 3997
CNY | 522.4
RUB | 41.2
JPY | 21.6
KRW | 2.2
