ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хунтайж Уильямын санаачилсан “Earthshot” шагналын эзэд тодорч, нэг сая фунт стерлинг хүртжээ

“Earthshot” шагналыг Кембрижийн гүн санаачилсан бөгөөд байгаль хамгаалах салбарт хувь нэмрээ оруулж буй хүмүүсийг жил бүр тодруулж, үйл хэргийг нь үнэлэх зорилготой юм. Лондон хотын Александра ордонд болсон ёслолын ажиллагаан дээр шагналын анхны эзэд тодорч таван ялагчийг зарласан бөгөөд тус бүр нэг сая фунт стерлинг буюу 1,374,000 долларыг хүртжээ.

Ёслолын ажиллагаанд Эмма Уотсон, Даме Эмма Томпсон, Дэвид Ойелово зэрэг одод хүрэлцэн ирсэн бөгөөд дуучин Эд Ширан, Coldplay хамтлаг, реппер KSI нар тайзнаа гарсан байна. Шагналын гол утга санааг дэмжих зорилгоор 60 дугуйчны үйлдвэрлэсэн цахилгааныг уран бүтээлчдийн үзүүлбэрт ашиглажээ.

Дараагийн арван жилд жил бүр энэхүү шагналыг байгаль орчны тулгамдсан асуудалд шийдвэрлэх гарц хайж буй таван төслийг шалгаруулж, тус бүр нэг сая фунт стерлинг олгох юм. Шагналын анхны таван ялагчийг 15 хүнээс сонгосон бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд нэвтрүүлэгч Сэр Дэвид Аттенборо, жүжигчин Кейт Бланшетт, дуучин Шакира зэрэг хүмүүс багтжээ.

Ёслолын үеэр Хунтайж Уильям “Ирэх арван жил бол манай гаригийн хувьд шийдвэрлэх мөч юм. Цаг дуусаж байна. Арван жил хангалттай хугацаа биш мэт боловч хүн төрөлхтөн шийдвэрлэх боломжгүй асуудлыг шийдвэрлэж чадсан гайхалтай түүхтэй” гэжээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Хунтайж Уильям сансрын аялалд өрсөлдөхөөс илүүтэйгээр дэлхийг аврах ажилд анхаарлаа хандуулах хэрэгтэй хэмээн сансрын аяллыг шүүмжилсэн юм.

2021 оны “Earthshot” шагналын эзэд

Байгаль хамгаалах, сэргээх:

Бүгд Найрамдах Коста Рика Улс: Коста Рика бол нэгэн цагт ой модныхоо ихэнх хэсгийг устгаж байсан боловч одоо модныхоо тоог хоёр дахин нэмэгдүүлж, бусдад үлгэр дуурайл болж байна. Шагналыг хүртсэн төсөл бол нутгийн иргэдэд мөнгө төлж ширэнгэн ойг сэргээх тогтолцоо юм.

Агаар цэвэрлэх:

Энэтхэгийн Такачар: Тариаланчид талбайгаа шатаахгүй, агаарын бохирдол үүсгэхгүйн тулд хөдөө аж ахуйн хаягдлыг бордоо болгох зорилгоор бүтээсэн зөөврийн машин.

Далайг сэргээх:

Багамын Корал Вита: Багамын арлуудад шүр ургуулдаг хоёр найзын хэрэгжүүлж буй төсөл бол дэлхийд устаж үгүй болж буй шүрэн хадыг сэргээх зорилготой юм. Тэд тусгай нөөцлүүр ашиглан ердийнхөөсөө 50 дахин хурдан шүр ургуулах аргыг боловсруулжээ

Хог хаягдалгүй ертөнцийг бий болгох:

Италийн Милан хотын хүнсний хаягдлын төвүүд: Ашиглагдаагүй хоол хүнсийг цуглуулж, хэрэгцээтэй хүмүүст өгөх системийг боловсруулсан Италийн Милан хот шагнал хүртжээ. Энэхүү санаачилга нь өлсгөлөнтэй тэмцэхийн зэрэгцээ хог хаягдлыг эрс бууруулжээ.

Уур амьсгалыг сэргээх:

Тайланд, Герман, Италийн “AEM Electrolyser”: Тайландад сэргээгдэх эрчим хүч ашиглан усыг устөрөгч, хүчилтөрөгч болгон задалж устөрөгч гаргах ухаалаг шийдэл. Устөрөгч бол цэвэр хий боловч ихэвчлэн түлш шатаах замаар гаргаж авдаг.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet