ЭДИЙН ЗАСАГ

ҮСХ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оноос 9.6 хувиар ӨССӨН

Гэрэл зургийг
MPA.mn

Үндэсний статистикийн хорооноос 2021 оны эхний есөн сарын байдлаар нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.

Эдийн засгийн макро болон микро үзүүлэлтийн талаар Үндэсний статистикийн хорооны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Ц.Тэгшжаргал “Мөнгөний нийт нийлүүлэлт энэ оны эхний есөн сарын эцэст 27 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд буюу 20.4 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд төгрөгийн хадгаламж 3.5 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө есдүгээр сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өссөн. Нийт хадгаламж энэ оны есдүгээр сарын эцэст 19.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Нийт хадгаламжийн 75 хувийг төгрөг, 21 хувийг валютын хадгаламж эзэлж байна.

Аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны есдүгээр сарын эцэст 20.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 16.5 хувиар өссөн байна. Нийт зээлийн өрийн үзэгдлийн 84.9 хувийг хэвийн зээл, 5.3 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 9.8 хувийг чанаргүй зээл эзэлжээ.

Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш энэ оны есдүгээр сард 2848.94 мөнгө байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 5.20 мөнгөөр чангарсан үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оноос 9.6 хувь, өмнөх оны эцсээс 9.2 хувь, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өсөлттэй гарлаа.

Инфляцийн түвшин 9.6 хувь гарахад хүнсний бүлгийн барааны үнэ 15.4, тээврийн бүлгийн үнэ 17.3, орон сууцны бүлгийн үнэ 7.1, эм, тарианы бүлгийн үнэ 6.7 хувь өссөн нь голлон нөлөөлсөн байна” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet