Live
НИЙГЭМ

Б.ТӨРСҮЛД: МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Залуус танхимыг нурааж, тендер зарлахгүйгээр барилгын ажил эхлүүлсэн

Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгчийн хууль бус үйлдлийн талаар тус холбооны удирдах хорооноос мэдээлэл хийлээ.

Тус холбооны дэд ерөнхийлөгч Б.Дөл “МЗХ-ны Удирдах хорооноос 2021 оны аравдугаар сарын 29-нд Үндэсний залуучуудын зөвлөлийн III хуралдаан зохион байгуулах тогтоол гаргасан. Энэ тогтоол гарсантай холбоотойгоор ямар асуудал хэлэлцэх тухай мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлаад байна.

МЗХ-ны үндсэн дүрэмд зааснаар удирдах зөвлөлийг удирдах хороо бүрдүүлдэг. Удирдах хороо есөн хүний бүрэлдэхүүнтэй. Уг хороо нь 2021 оны есдүгээр сарын 24-нд хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргасан. Энэ шийдвэрүүдийг гаргахаас өмнө МЗХ-нд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор шаардах бичгийг МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Одод удаа дараа хүргүүлсэн. Гэвч хариу тайлбар өгөөгүйгээр үл барам гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлээгүй. Иймд удирдах хороо долоон гишүүний ирцтэйгээр хуралдаж, Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу МЗХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай 30 дугаар тогтоол гаргасан. МЗХ-ны үе үеийн ерөнхийлөгчид эрх мэдлээ ашиглан ямар нэгэн эд хөрөнгийг хувьдаа ашигладаг. Бид МЗХ-ны үндсэн дүрэм нь холбооны ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл төвлөрүүлсэн байна гэж дүгнэж байгаа” гэв.

Харин тус холбооны дэд ерөнхийлөгч Б.Төрсүлд “О.Гэрэлт-Од ерөнхийлөгчид холбогдох барилгын асуудал 2021 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Тухайн үед удирдах хорооны гишүүдийн зүгээс О.Гэрэлт-Одод ямар учиртай барилгын компани болох, хэн зөвшөөрөл олгосон тухай тодруулж, удаа дараа шаардлага хүргүүлсэн. Нэг ч удаа шаардлагын хариу ирүүлээгүй. Үүгээр үл барам МЗХ-ны Залуус танхимыг нурааж, барилгын ажил эхлүүлсэн. Мөн нээлттэй тендер зарлаагүйн дээр барилгын компанитай байгуулсан гэрээгээ ч танилцуулаагүй. Энэ хэргийг цагдаагийн байгууллага ирж шалгасан болов чимээгүй болчихсон” хэмээн ярилаа.

Гэрэл зургийг Т.Учрал/MPA.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet