Live
НИЙГЭМ

“Барилгын материалын үнийн өсөлтийг дагаад орон сууц үнэд орж байна”

Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын материалын үнийн өсөлтөд хэрхэн анхаарч ажиллах талаар мэдээлэл хийлээ.

БХБЯ-ны Орон сууц санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд “Барилгын материалын үнийн өсөлтийг дагаад орон сууц үнэд орж байна. Мөн ипотекийн зээл олгогдож эхэлснээс хойш орон сууцны эрэлт нэмэгдсэн. 2021 наймдугаар сарын байдлаар 822 тэрбум төгрөгийн зээлийг 10 мянган зээлдэгчдэд олгосон нь өнгөрсөн үеийн мөн үеэс 2.4 дахин их үзүүлэлт. Энэ онд 12 мянга орчим зээлдэгч ипотекийн зээл авах болов уу гэж таамаглаж байна.

Барилгын материалын үнэ 40 хувь нэмэгдсэн ч шинэ барилгын үнэ 20 хувь нэмэгдэж байна. 2020 онд орон сууцны үнэ нэг метр квадрат нь 2.5 сая төгрөг байсан бол энэ жил 2.7 сая төгрөг болж нэмэгдсэн нь материал дагасан өсөлт юм.

Гэрэл зургийг Т.Мөнх-Учрал/MPA.mn

Орон сууцны нийлүүлэлтийн судалгаа хийхэд 2021 оны есдүгээр сард гэхэд 13,560 байр ашиглалтад орсон ба одоо баригдаж буй 32,000 орон сууцнаас 2022 онд 12 мянга нь ашиглалтад орно” гэв.

Өнөөдрийн байдлаар,

  • Арматур болон төмөр хийц 81  хувь
  • Дулаалгын материал хөөсөнцөр, чулуун хөвөн 92 хувь
  • Тоосго 52 хувь
  • Мод 70 хувь тус тус өсөлттэй байна.

Уг өсөлтөд гадаад зах зээлд төмрийн хүдрийн үнэ өссөн болон тээвэр ложистикийн асуудал нөлөөлсөн гэж БХБЯ-аас мэдээлэв. Иймд тус яамнаас одоо хэрэгжиж буй барилгын ажлуудын үлдэгдэл гүйцэтгэл дээр үнийн өсөлтийн магадлалаар тооцож төсөвт дахин тусгах гэнэ. Энэ талаар БХБЯ-ны Барилгын материал үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга “2022 оны барилгын төсөвт, амжихгүй бол 2023-2024 оны төсөвт суулгах төлөвлөгөөтэй байна. Үнийн өсөлт, материалын хангамжтай холбоотойгоор төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилгуудын бүтээн байгуулалт удаашралтай байна. Импортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх зорилго тавин ажиллана” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet