COVID-19

Сидней хотод 107 өдрийн турш үргэлжилсэн хөл хорио дууслаа

Шинэ Өмнөд Уэльс муж (NSW)-ийн 16-аас дээш насныхны 70 хувь нь вакцины хоёр тунд хамрагдсаны дараа дөрвөн сарын турш үргэлжилсэн Сидней хотын хөл хориог хөнгөвчлөхийг мужийн захиргаа зөвшөөрөв. Өнөөдрийн байдлаар хүн амын 90 гаруй хувь нь эхний тунд хамрагджээ.

Даваа гарагаас эхлэн кафе, ресторан, паб, дэлгүүрүүд дахин нээгдэж, хүмүүс биеийн тамирын заал, номын сан, усан сан, үсчин, хумсны салон зэрэгт зочлох боломжтой боллоо. Мөн бусдын гэрт зочлох, 5 км-ээс хол зайд аялах хориотой байсан бол одооноос бүрэн вакцинд хамрагдсан хүмүүсийн хувьд чөлөөтэй болж байна.

Даваа гарагт мужийн тэргүүн Доминик Перротт “100 өдөр хэцүүхэн өнгөрлөө. Гэхдээ муж даяар хүмүүсийн вакциндаа идэвхтэй хамрагдсан хүчин чармайлтын дүнд энэ гайхалтай өдөр ирлээ” гэж хэлжээ. Мөн мужид ковидын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулсан боловч эрүүл мэндийн систем бэлтгэлтэй байгааг, мөн вирустай зэрэгцэж амьдарч сурах хэрэгтэйг онцлов.

Тус мужид вакцинжуулалтын статусыг шалгах системийг хараахан нэвтрүүлээгүй байгаа бөгөөд үүнийг хувийн бизнес эрхлэгчдэд даатгажээ.

Сиднейн хөл хорио нь дельта хувилбарын дэгдэлт эхэлснээс хойш буюу зургадугаар сарын сүүлээр эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл 50,000 гаруй халдвар бүртгэгдэж, 439 хүн нас баржээ. Сиднейгээс эхэлсэн дэгдэлт Мельбурн, Канберра хотод тархаж, хөл хорио тогтооход хүрсэн. Канберра баасан гарагт хөл хорионоос гарах бол Мельбурн аравдугаар сарын сүүлээр нээгдэх төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet