УЛС ТӨР

Д.ГАНТУЛГА: Монгол төрийн бүтэц бүрэлдэхүүнээрээ нэг намын төлөө ажиллалаа

Хөдөлмөрийн үндэсний намаас УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийсэн талаар мэдээлсэн билээ.

Энэ үеэр Хөдөлмөрийн үндэсний намын нарийн бичгийн дарга Д.Гантулга “Сонгинохайрхан дүүрэгт сонгууль болсонгүй. Нийт 113,993 иргэн сонгууль өгөх ёстойгоос 45,151 хүн буюу 39.6 хувь нь саналаа өглөө. Өчигдөр өдөржин МАН-ын зуу зуун машин хүн зөөж, санал авах байрны гадна түрүүлж бүртгээд, оруулсан. Үүнийг ардчилсан сонгууль гэх үү эсвэл төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого гэх үү. Үүнд МАН-аас хариулт шаардаж байна.

Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр Монгол төрийн бүтэц бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг намын төлөө ажиллалаа. Цагдаа, багш, эмч, тус дүүрэг дэх утааны хяналтын 1,200 гаруй байцаагч бүгд МАН-ын төлөө ажилласан. Багш нар сурагчдынхаа эцэг эх рүү “Хорооны сургуулиа бариулахын тулд Э.Батшугарыг дэмжээрэй” гэдэг мессеж бичлээ. Хорооны ажилтнууд иргэд рүү “Э.Батшугарыг дэмжихгүй бол хорооноос өгдөг гурил, будааг өгөхгүй шүү” гэж заналхийлсэн. Ингэж төрийн эрх барьж байгаа нам төрийн бүтэц, бүрэлдэхүүнийг дайчлан ажиллаж байгааг эсэргүүцэж байна.

Залуучууд сонгууль оролцохгүй бол Монгол Улс буцаад нэг намын тогтолцоонд орлоо. Иймд залуучууд та бүхэн нэмэлт сонгуульд ХҮН-ний төлөө саналаа өгдөггүй юм гэхэд сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна” хэмээн ярилаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet