ДЭЛХИЙН МЭДЭЭ

2021 оны Нобелийн утга зохиолын шагналыг Абдулразак Гурна хүртжээ

Шведийн академи 2021 оны Нобелийн утга зохиолын шагналыг Танзани гаралтай үргэлжилсэн үгийн зохиолч зохиолч Абдулразак Гурнад өгчээ.  Шагналыг 10 сая швед крон буюу 1.14 сая доллар дагалдах юм. Тэрээр 1986 онд Воле Шойинкагаас хойш Нобелийн шагналыг хүртсэн Африкийн анхны хар арьст зохиолч болж байна.

Колоничлолын асуудлыг хөндсөн зохиолуудаараа алдартай Абдулразак Гурна нь 73 настай бөгөөд “Paradise”, “Desertion” зэрэг 10 роман зохиож байжээ. 1994 онд хэвлэгдсэн “Paradise” номд 20-р зууны эхэн үед Танзани улсад өссөн хүүгийн түүхийг өгүүлдэг бөгөөд “Booker Prize” шагналд нэр дэвшсэн нь зохиолчийн хувьд амжилт авчирч байсан юм.

Нобелийн утга зохиолын хороо “Түүний зохиолууд хэвшмэл ойлголтоос ухарч, дэлхийн өнцөг булан бүрт Зүүн Африкийн соёлыг бидэнд нээж өгсөн” гэж мэдэгджээ.

Абдулразак Гурна 1948 онд Занзибар хотод төрсөн бөгөөд 1960-аад оны сүүлээр Англи руу дүрвэсэн байна. Тэрээр Кентербери мужийн Кентийн Их Сургуулийн Англи хэл ба Колоничлолын дараах үеийн уран зохиолын профессороор ажиллаж байгаад саяхан тэтгэвэртээ гарчээ.

Нобелийн шагнал нь 1901 оноос хойш уран зохиол, шинжлэх ухаан, энх тайван, эдийн засгийн салбарын ололт амжилтыг үнэлж ирсэн. Утга зохиолын шагналыг өмнө нь Эрнест Хемингуэй, Габриэл Гарсиа Маркес, Тони Моррисон зэрэг зохиолчид, Пабло Неруда, Жозеф Бродский, Рабиндранат Тагор зэрэг яруу найрагчид, Харолд Пинтер, Евгений О’Нил зэрэг жүжгийн зохиолчид хүртэж байжээ. Харин өнгөрсөн жилийн шагналыг Америкийн яруу найрагч Луиза Глюк хүртсэн юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet