Хурандаа, генерал Ж.Ёндонгийн дурсгалын хөшөө Баруун-Урт хотод сүндэрлэлээ

Монголын төр, цэргийн зүтгэлтэн, Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин, БНМАУ-ын БХЯ-ны сайд, БХЯ-ны нэгдүгээр орлогч бөгөөд Жанжин штабын дарга, Цэргийн Ерөнхий дээд сургуулийн захирал, Хүндэт харуулын анхны дарга зэрэг нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албан тушаалуудад үүрэг гүйцэтгэж, олноо “Жагсаалч, рапорт Ёндон” хэмээн алдаршсан хурандаа генерал Ж.Ёндонгийн гавьяаг мөнхжүүлэн, алдаршуулах зорилгоор түүний төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо “Хурандаа генерал Ж.Ёндонгийн дурсгалын хөшөө, цогцолбор”-ыг босгожээ.
Тус хөшөө цогцолборын нээлтийн ёслолын ажиллагааг өнөөдөр (2021.09.30) 11:40 цагт зохион байгууллаа.
Уг ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Сүхбаатар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Хосбаяр, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал Л.Моломжамц, ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан болон хурандаа генерал Ж.Ёндонгийн үр хүүхдүүд оролцов.
Энэхүү бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг хандив, тусламжийн хэлбэрээр бүрдүүлсэн бөгөөд уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд хандаж гаргасан уриалгыг Зэвсэгт хүчний Жанжин штабын генерал, офицер, ахлагч нар манлайлан сэтгэлийн хандив өргөсөн юм.
Уг дурсгалын хөшөө, цогцолборыг байгуулснаар төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндон агсны гавьяат үйлсийг сурталчлан мөнхжүүлэх, Сүхбаатар аймгийн төвийн өнгө үзэмж, тохижилтод хувь нэмэр оруулан орон нутгийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх амралт, зугаалгын орчныг бүрдүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ахмад үеэрээ бахархах үзлээр хүүхэд, залуучуудыг хүмүүжүүлэхэд чиглэгдсэн төрөл бүрийн ажлыг тогтмол зохион байгуулах боломж бүрдэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.
Мөн “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-т улс орныг батлан хамгаалах болон эх орныхоо бүтээн байгуулалтад гавьяат үйлсийг бүтээсэн төр, цэрэг, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн баатарлаг, хөдөлмөрч үйл ажиллагааг залуу, хойч үеийнхэнд сурталчлах, тэднийг алдаршуулах, дурсгалын цогцолбор байгуулах зэрэг олон талт ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэхээр тусгажээ.

Хариулах