АФГАНИСТАН

АФГАНИСТАН: Талибанчууд Хильмандын үсчдийг сахал тайрахыг хориглов

Талибанчууд Афганистаны Хильманд мужийн үсчингүүдийг сахал хусах, тайрахыг хориглосон байна. Энэ нь Исламын хуулийг зөрчиж байгаа явдал тул дүрмийг зөрчсөн хэн боловч шийтгэл хүлээнэ гэж Талибаны шашны цагдаа нар мэдэгдэв. Хильманд мужийн өмнөд хэсэгт байрлах салонуудад байрлуулсан мэдэгдэлд бичсэнээр үсчингүүд үс, сахал засахдаа Шариатын хуулийг дагаж мөрдөх ёстойг анхааруулаад “Хэн ч гомдоллох эрхгүй” гэж бичжээ.

Мөн Нийслэл Кабулын зарим үсчингүүдэд ижил шаардлага хүргүүлсэн бөгөөд талибанчууд засгийн газрын зөөлөн хэлбэрийг амлаж байсан ч тэдний өмнөх засаглалын үетэй адил хатуу шийдвэрүүд ар араасаа цувсаар байна. Талибаны хөдөлгөөн өнгөрсөн сард засгийн эрхэнд гарснаасаа хойш эсэргүүцэгч нарт хатуу шийтгэл оногдуулж байна. Түүнчлэн бямба гарагт тус бүлэглэлийн дайчид хулгай хийсэн хэргээр дөрвөн хүнийг буудан хөнөөж, цогцсыг нь Херат мужийн гудамжинд өлгөжээ.

Талибанчууд 1996-2001 онд засгийн эрхэнд байх үед гоёмсог үс засалт хийхийг хориглож, эрчүүдийг сахал ургуулахыг шаарддаг байв. Гэвч тэр цагаас хойш цэвэрхэн сахалгүй төрх түгээмэл болж, афган эрчүүд загварлаг тайралт хийлгэхийн тулд салон руу зорьдог болсон.

Аюулгүй байдлын үүднээс нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн үсчин “Шинэ дүрэм журам нь амьдралаа залгуулахад хүндрэл учруулж байна. Миний салон олон жилийн турш залуучуудын хүссэнээр сахал хусаж, загварлаг үсний засалт хийдэг газар байсан. Одоо энэ бизнесээ үргэлжлүүлэх нь утгагүй болоод байна” гэж BBC-д ярьжээ.

Баруун нутгийн Херат хотын өөр нэг үсчин хэлэхдээ “Албан ёсны шаардлага ирээгүй ч залуучууд сахал хусуулахаа больсон. Учир нь тэд гудамжинд Талибаны дайчдын бай болохыг хүсэхгүй. Залуучууд тэдний дунд уусаж, тэдэн шиг харагдахыг хүсэж байна” гэжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet