Талибууд АНУ, НАТО-той хамтран ажиллаж байсан хүмүүсийг хайж эхэлжээ

Талибан хөдөлгөөний дайчид НАТО болон АНУ-ын дайчдад тусалж байсан Афганистаны иргэдийг эрэн хайх ажиллагаагаа идэвхжүүлсэн талаар НҮБ-д илтгэсэн баримтаас иш татан “Нью-Йорк таймс” сонинд бичжээ. Энэ баримтад тэмдэглэснээр америкчуудтай хамтран ажиллаж байсан хүмүүсийн жагсаалт Талибуудад байдаг гэнэ.
Байцаалт авч, шийтгэх зорилгоор эдгээр хүмүүсийн гэрийн хаягийн тэмдэглэл тэдэнд байдаг талаар дурджээ. Талибаны дайчид энэ хаягийг үндэслэн эрэн хайж байгаа хүмүүсээ бууж өгөөгүй тохиолдолд ар гэр, төрөл төрөгсөдийг нь баривчлана, хөнөөнө гэж сүрдүүлж байгаа юм. Талибуудын жагсаалтад Афганы цагдаа, цэргийнхэн, мөрдөн шалгах байгууллагын ажилтнууд хүртэл орсон байна.
“Нью-Йорк таймс”-ын тэмдэглэснээр Талибууд жагсаалтад орсон хүмүүсээ ихэвчлэн Кабулын нисэх онгоцны буудлаас эрэн хайж байна. Учир нь нисэх буудал тэдний зугтах цорын ганц гарц гэж тэмдэглэжээ. Талибууд түүнчлэн Афганистаны баруун хэсэгт Германы “Дойче велле”-гийн сэтгүүлчийн ойрын төрөл төрөгсөдийг хөнөөж, нэгийг нь хүнд шархдуулсан тухай тус хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээлсэн байна.
Эх сурвалж: telegraph.co.uk

Хариулах