Теслагийн автомат жолоодлоготой машин яаралтай тусламжийн машинтай мөргөлдсөний дараа мөрдөн байцаалт хийхээр болжээ

АНУ-ын Холбооны аюулгүй байдлын зохицуулагчид Теслагийн Autopilot систем бүхий жолоодлогогүй автомашинтай холбоотой гарсан 11 ослыг шалгаж байгаа бөгөөд албан ёсны мөрдөн байцаалтыг эхлүүлжээ. Мөрдөн байцаалтад Tesla-ийн 2014 оноос хойш АНУ-д борлуулсан бараг бүх буюу 765,000 автомашин хамрагдах аж.
Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газар (NHTSA)-т ирүүлсэн ослын мэдээгээр эдгээр ослуудын улмаас 17 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.
2018 оноос хойш гарсан эдгээр 11 осол ихэнхдээ харанхуй үед болсон бөгөөд Tesla-ийн автомат жолоодлоготой машинууд анивчдаг гэрэлтэй машин, хурц гэрэл, чиглэл заадаг гэрэлтдэг самбар, аюулгүйн конус зэрэг замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээг мөргөж, осолдсон болохыг NHTSA өөрийн вебсайтаараа дамжуулан өнгөрсөн даваа гаригт мэдэгджээ.
Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл (NTSB) Tesla-ийн машинуудад аюулгүй жолоодлого хийх боломжтой газруудыг зааж, хязгаарлалт тогтоохыг зөвлөсөн байна. Мөн Tesla-г системээ хөгжүүлж, жолооч нар анхаарлаа хандуулж байгаа эсэхийг баталгаажуулдаг болохыг зөвлөжээ. Учир нь Теслагийн жолооч нар авто жолоодлогыг буруугаар ашиглаж, Калифорнийн хурдны замаар зорчих үедээ согтуугаар замын хөдөлгөөнд оролцон, арын суудалд сууж байгаад баригдсан тохиолдол гарсан байна.
Энэ сарын эхээр Тесла твиттер хуудсандаа “Autopilot систем бүхий Тесла нэг сая миль тутамд 0.2 осол гаргасан бол АНУ-ын дундаж үзүүлэлт 9 дахин өндөр байдаг” гэж жиргэжээ.
Мөрдөн байцаалтаар автомат жолоодлогын горимд жолоочийн динамик оролцоог хянах, туслах, хэрэгжүүлэхэд ашигладаг технологи, аргыг үнэлэх бөгөөд объект, үйл явдлыг системээр илрүүлэх, түүнчлэн хаана ажиллахыг зөвшөөрөх болно. Мөн осолд “нөлөөлж буй нөхцөл байдал” болон үүнтэй төстэй ослыг шалгах болно гэж NHTSA мэдэгдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээ гарсны дараа Калифорниа мужийн Пало Алто хотод төвтэй Тесла компанийн хувьцаа өглөөний нээлтийн өмнө бараг 2 хувиар унажээ.
Эх сурвалж: The Guardian

Хариулах