СУДАЛГАА: Цар тахлын үед төрсөн хүүхдүүдийн IQ түвшин бага байна

Коронавирусийн тахлын үед төрсөн хүүхдүүд өмнө нь төрсөн хүүхдүүдтэй харьцуулахад хэл яриа, хөдөлгөөн, танин мэдэхүйн үйл ажиллагаа сул байгааг АНУ-ын эрдэмтдийн судалгаа харууллаа. Хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд амьдралын эхний жилүүд чухал үүрэгтэй. Гэхдээ Ковид-19 нь бизнес, цэцэрлэг, сургууль, тоглоомын талбайг хаахад хүргэсэн тул бага насны хүүхдийн амьдрал эрс өөрчлөгдөөд байгаа юм.
Тус судалгааны ахлах, Браун их сургуулийн хүүхдийн эмч, дэд профессор Шон Деонигийн үзэж байгаагаар тахлын үед төрсөн хүүхдүүд гаднах ертөнцтэй бага харьцаж, гэртээ хязгаарлагдмал орчинд өсөж байгаа нь танин мэдэхүйн хөгжлийг үнэлэх туршилтуудад бага оноо авахад нөлөөлжээ. Гэхдээ хамгийн том шалтгаан бол гэрээсээ ажлаа хийхийн зэрэгцээ бүтэн цагаар хүүхдэдээ анхаарах шаардлагатай тулгарсан эцэг эхчүүд стрессд орж, хүүхдүүдтэй харьцах ердийн харьцаа эрс буурсан явдал юм гэж Деони хэлэв.

Мөн танин мэдэхүйн эдгээр оноо нь урт хугацаанд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй бөгөөд амьдралын эхний жилүүдэд танин мэдэхүйн үндэс суурийг тавих нь байшин барихтай адил (суурийг барьж байхдаа өрөө нэмэх эсвэл цэгцлэх нь илүү хялбар байдаг) гэж зүйрлэжээ.
Царт тахлын өмнөх арван жилд гурван сараас гурав хүртэлх насны хүүхдүүдийн IQ дундаж оноо 100 орчим байсан бол тахлын үеэр төрсөн хүүхдүүдийн хувьд энэ тоо 78 болж буурсан байна.
Судалгаанд Род-Айленд мужийн 672 хүүхэд хамрагдсан бөгөөд эдгээрийн 188 нь 2020 оны долдугаар сараас хойш, 308 нь 2019 оны нэгдүгээр сараас өмнө төрсөн бол 176 нь 2019 оны нэгдүгээр сараас 2020 оны гуравдугаар сарын хооронд төрсөн байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүд хөгжлийн бэрхшээлгүй, ихэнхдээ цагаан арьстай байна.
Энэхүү өгөгдөл нь нийгмийн халамж, ажилгүйдлийн тэтгэмж өндөр байдаг АНУ-ын харьцангуй чинээлэг хэсгээс авсан судалгаа тул дэлхийн ядуу улс орнуудад байдал улам дор байх магадлалтайг судлаачид анхааруулжээ.
Эх сурвалж: The Guardian

Хариулах