Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан өнөөдөр (2024.07.10) Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулж буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцов.
Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заажээ. Төрийн далбааг мандуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, иргэд оролцсон юм.
Ард иргэдэд эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, түүхэн уламжлалаа өвлүүлж, эв нэгдлээ бататган бэхжүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 10-нд “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-ийг тэмдэглэдэг билээ. Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг, Тусгай хүчний цэргийн командлал, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг төрийн цэргийн болон хууль сахиулах 15 байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцсон бөгөөд жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр командлав.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн хуульчилсан байдаг. Манай Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.