Грекийн Эвиа арлын түймэрт 150 байшин өртжээ

Грекийн нийслэл Афинаас 200 км-ийн зайд оршдог Эвиа арлын сүм хийд болон олон арван тосгоныг тойрсон гал түймэрт 150 байшин өртөж, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. 100 орчим гал сөнөөгч долоон нисдэг тэрэг, усан бөмбөгдөгч онгоцны тусламжтайгаар галыг унтраахаар ажиллаж байна гэж иргэний хамгаалалтын ажилтнууд мэдээлэв.
Харин Афины хотын захад гарсан өөр нэг түймэртэй 500 гаруй гал сөнөөгч, олон арван усаар бөмбөгдөгч онгоц, таван нисдэг тэрэгний тусламжтай тэмцэж, лхагва гарагт галыг хяналтандаа оруулсан талаар мэдээлсэн. Мягмар гарагт Афиныг тойрон хүрээлдэг гурван нурууны нэг болох Парнита уулын энгэр дэх нарсан ойд гал гарч, нийслэлийг түймрийн утаа нөмрөөд байсан юм. Галын улмаас арав орчим байшин шатаж, баруун хойд зүгт 30 км-ийн зайд орших Варибомби хотын захад олон арван аж ахуйн нэгж ихээхэн хохирол амссан гэж албаны хүмүүс мэдээлжээ.
Мөн Олимпын наадмын өлгий нутаг Олимпиа хотын дарга хот нь гал түймэрт өртөх аюулд байгаа тул тусламж хүссэн бөгөөд 100 орчим гал сөнөөгчид гурван нисдэг тэрэг, хоёр онгоцны тусламжтайгаар түймэртэй тэмцсэн байна.
Агаарын температур 40С-ээс дээш гарсны улмаас Грек улсад сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 118 түймэр гараад байгаа юм. Дэлхийн дулаарал ийм гал түймрийн давтамж, хүчийг хоёуланг нь нэмэгдүүлж байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
Эх сурвалж: The Guardian

Хариулах