ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хойд ба Өмнөд Солонгосын удирдагчид харилцаа холбооны утсан холбоогоо сэргээжээ

Өмнөд болон Хойд Солонгос орны удирдагчдын хурцадмал харилцаагаа сэргээх хүчин чармайлтын хүрээнд таслаад байсан утасны холбоогоо сэргээсэн гэж мягмар гарагт Сөүлийн ерөнхийлөгчийн Хөх ордноос мэдээлэв.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хэд хэдэн захидал солилцож, утсан холбоог дахин сэргээхээр тохиролцсон гэж Мүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Пак Су Хён мэдэгдэв.

Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг KCNA Мүүн, Ким нар тохиролцсоны дагуу хоёр Солонгосын хоорондох бүх харилцаа холбооны сувгуудыг орон нутгийн цагаар мягмар гарагийн 10:00 цагаас сэргээсэн гэж мэдэгдсэн байна. Мөн энэ явдлыг “харилцан итгэлцлээ сэргээж, эвлэрлийг ахиулах томоохон алхам боллоо” гэж цохон тэмдэглэжээ.

2019 оны хоёрдугаар сард болсон Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэний дараа хил дамнасан харилцаа хүндэрсэн тул Хойд Солонгос 2020 оны зургадугаар сард утасны холбоог таслаад байсан юм.

Энэхүү мэдэгдэл нь 1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайн өндөрлөсний 68 жилийн ойн үеэр гарчээ. Ким Жон Ун амиа алдсан цэргүүдэд хүндэтгэл үзүүлж, амьд үлдсэн ахмад дайчдад бэлэг илгээсэн гэж KCNA мэдээлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet