НИЙТЛЭЛЧ

Сураг алдарсан ХУРАНДАА

Гэрэл зургийг MPA.mn

“Шаардлагатай бол Ерөнхийлөгчтэй холбоотой Үндсэн хуулийн асуудлыг парламентад тавих ёстой” хэмээн чуулганы индрээс мэдэгдэж, Төрийн Есөн хөлт Цагаан тугандаа ёслон, сүслээд сайн дураараа Ерөнхий сайдын суудлаас буусан У.Хүрэлсүх сураг алдраад гурван сар болов.

Засгийн газраа унагааж, МАН-ыг хоёр хуваасан…

МАН-ын 100 жилээр намын даргын хувиар илтгэл тавьж, бас бус хүнд ойн медаль гардуулсныг эс тооцвол хурандаа У.Хүрэлсүх улс төрөөс завсарлага авсан нь энэ. Мэдээж уртын биш, магадгүй түүнд амралт хэрэгтэй болсон байх. С.Баяр шиг улс төрийн цагаа нэгмөсөн тайлаагүй гэсэн үг. Ерөнхий сайдын алба гэдэг өөрөө улстөрчдийн хүрч болох хамгийн дээд, заримынх нь “мөрөөдөл”-ийн албан тушаал ч баргийн хүний хийх, барах ажил биш.

Гаргасан шийдвэр, гарын үсэг зурсан цэг, таслал болгон нь улс орны хувь заяа, ард түмний эрх ашигтай холбогдож, он сар, өдөр, цаг, минуттайгаа баримт болж архивт үлддэг учраас үг, үйлдэл бүр нь түмний нүдэнд ил явахаас аргагүй. Энэ бүхний хажуугаар тойрогтоо ахиухан хөрөнгө оруулалт суулгах УИХ-ын гишүүдийн шахалт, намын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлагатай нүүр тулна. Парламентын төвшинд барьцаална, болохгүй бол огцруулна. Тэр бүгдийг сөрж, тэсэж гарах нь нэн тэргүүний зовлон.

Чадахгүй бол унана, эсвэл энэ бүхэнтэй эвлэрч явсаар сонгуультай золгоно. Хүсээд очдог хэрнээ ийм нэгэн барьцааны юм шиг албанд үе үеийн Ерөнхий сайдууд ажилласан, дийлэнх нь хугацаанаасаа эрт огцорч, огцруулсан нь Монголын гүйцэтгэх засаглалын товч толь. Зарим нь гаргасан шийдвэрээсээ болж шүүхийн өмнө очсон, шоронгийн хаалга татжээ.

Харин У.Хүрэлсүхэд ийм зовлон байсангүй. 2017 онд намынхаа, өөрөө Шадар сайдаар ажиллаж асан Засгийн газраа түлхэн унагааж, Ерөнхий сайдын албанд хүрсэн шигээ МАН-ын даргын тамгыг төвөггүйхэн атгасан. 2018 оны сүүлчээр суудал нь дэнчигнэж, парламентаар танхимынхаа хувь заяаг дэнслүүлэхэд сөрөг хүчний нэр бүхий гишүүдийн дэмжлэгээр албан тушаалтайгаа үлдэж байв. Гэхдээ У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудалд золоор үлдээгүйг үг, үйлдлээрээ хангалттай харуулсан юм. “60 тэрбум”-ын гэх малгайн дор нам доторх М.Энхболдын орон зайг хумьж, хөлийг нь тушсан, хүрээлэлд нь багтдаг хүн бүрийг цамнасан. УИХ-ын даргаас нь буулгаж, өөрийн шадар хүн Г.Занданшатарыгаа томилуулсан зэргээр нүүдлээ улам лавшруулж, барьцаа томруулж байлаа.

Гэрэл зургий MPA.mn

Засгийн газраа унагааж, МАН-ыг хоёр хуваасан зэрэг шүүмжлэл, эгдүүцэл У.Хүрэлсүхээс уяатай юм шиг явсаар 2020 оны сонгуультай золгосон МАН 2016 оны амжилтаа давтсанаар тэр үндэсний хэмжээний лидер болсноо хүлээн зөвшөөрүүлсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр түүнд олгосон эрх мэдэл, зангараг нь 1992 оноос хойшхи гүйцэтгэх засаглалын түүхэн дэх хамгийн хүчтэй Ерөнхий сайд болгосон юм. Ер нь хувь улстөрчийн намтар, бусдыг дагуулах харизмын тухайд У.Хүрэлсүх шуугиантай нэгэн.

Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогчоор ажиллаж байгаад 1991 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан болсон цаг үеэс хагас жарныг зөвхөн намынхаа үйл хэрэгт зориулсан түүн шиг улстөрч хуруу дарам цөөн. Энэ хугацаанд олон ч зүйл болсон. Н.Энхбаяр Ерөнхий сайдаас УИХ-ын даргын эрэмбэд шилжиж, Ерөнхийлөгчийн сэнтийд суух замаа засч эхэлсэн тэр үед эхнэр О.Цолмон нь гэртээ дуудаж авчраад үүрэг өгсөнд эгдүүцсэн У.Хүрэлсүх чуулганы хуралдааны танхимд “Н.Энхбаяр аа, Монголын төр, МАХН-ыг танай авгай удирддаг юм уу, та удирддаг юм уу” гэж асуугаад шуугиан дэгдээж байлаа.

У.Хүрэлсүх явсан шигээ ирдэг харизмтай

Төрөлх намынхан нь төдийгүй тойрон хүрээлэгчид нь Н.Энхбаярыг “Хаан” сэнтийд залж, эрх мэдэл, албан тушаалын торонд цоожилж, тусгаарлахад У.Хүрэлсүх ганцаараа сөрж зогсож байв. Тухайн үеийн МАХН одоогийн МАН-ын тугийг Төв талбайд иргэний хөдөлгөөнийхөн шатаахад саарал ордноос тэдний эсрэг гарч жагссан, түүнийгээ чуулганы танхимд барьж орж ирсэн анхны Төрийн сайд нь мөн л У.Хүрэлсүх. Г.Баярсайхан гишүүнийг чуулганы үүдэнд цохиж унагаачихаад өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзаад алсын Австралийг зорьсон нь бас л тэр. Гэхдээ У.Хүрэлсүх явсан шигээ ирдэг харизмтай.

2014 онд АН-тай хамтрахад, 2016 онд МАН Засгийн газраа эмхлэхэд ч сайдын сэнтийд горилогчдын тэргүүн эгнээнд, дотроос биш гаднаас тэр л зогсож байлаа. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хамгийн хүчтэй Ерөнхий сайдын эрх мэдлийг төвлөрүүлсэн ч ердөө хагас жил ажиллаад өөрийн хүсэлтээр суудлаасаа буусан хүн нь өнөөх л У.Хүрэлсүх. Булганыхан юм бүхэнд анхдагч байдаг шиг У.Хүрэлсүхийн үйлдэл бүр улс төрд ямар нэгэн жишиг тогтоож, түүх үлдээдэг гэлтэй.

Гол нь 2009 оноос хойшхи гурван ч Ерөнхийлөгчийн сонгуульд дарааллан ялагдсан МАН-д Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эрх ямба эдлэх анхны Төрийн тэргүүнтэй болох нь өдгөө цорын ганц зорилго, туйлын хүсэл нь болчихоод буй. Харин тэр нь хэн бэ? 2020 оны сонгуулиар МАН үнэмлэхүй олонхийн байр сууриа хадгалахад дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвших зүй ёсны кандитатаар У.Хүрэлсүхийг нэрлэж, одоо ч тийм мессежийг нийгэмд түгээж байгаа нь оргүй зүйл биш.

Бага чулуугаар их чулуу хөдөлгөх гэж үг бий. Үүн шиг Ерөнхийлөгч Х.Баттулгыг гол буруутнаар цоллоод, нутгийн дүүгээ Ерөнхий сайдаар томилуулснаас өөрөөр У.Хүрэлсүх МАН-ын байрнаасаа ч цухуйхгүй, чимээ аниргүй яваа нь нэгийг өгүүлэх шиг. Нэг үгээр У.Хүрэлсүх ирэх гэж явдаг нь энэ удаад Ерөнхийлөгчийн эрэмбээр хэмжигдэх эргэн ирэлт байх уу? Энэ нь л асуудлын гол зангилаа, АСУУЛТЫН ТЭМДЭГ.

1 сэтгэгдэл

  1. Tulga

    2021-04-19

    Дээд шүүх амийг нь дэнслэх нь дээ!!

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet