Х.ОДОНЧИМЭГ/NEWSWIRE.MN
30

нийтлэл

651

уншсан

2

сэтгэгдэл

Social мэдээлэл

ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД: Айдас болгоомжлол, сайн жишиг, хомсдол

2021-01-09
131

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг хүн төрөлхтөн ганцхан жилийн дотор буюу өмнө нь байгаагүй богино хугацаанд гарган авч, АНУ, Европын орнуудад вакцинжуулалт эхэллээ. Эмнэлзүйн туршилтаар өндөр хувийн үр дүн үзүүлэхийг нь баталсан вакцинуудыг тойрсон маргаан гэвч намжсангүй. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар хүмүүс вакцин урт хугацаанд гаж нөлөө үзүүлж болзошгүй хэмээн болгоомжилж буйг ч харж болно. Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинжуулалахад ямар асуудал тулгарч байна вэ?

Айдас болгоомжлол

Одоогоор Их Британи, АНУ хүн амынхаа 1-2 хувийг ойрын хугацаанд вакцинд хамруулахыг зорьж байгаа бол Израильд энэ үзүүлэлт 16 хувьд хүрч байна. Европын холбоо “Пфайзер” компанитай 300 мянган тун вакцин авах гэрээг өнгөрсөн арваннэгдүгээр сард байгуулж, төдөлгүй энэ тоог 300 сая тунг болгон нэмсэн ч улс орнуудад вакцинжуулалт төдий л олон хүнийг хамарч чадаагүй байгаа юм.

Зул сарын баярын дараа буюу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд Францын иргэн, 78 настай Мориссеттэд вакцины анхны тунг тарьсан билээ. Хэдхэн өдрийн дараа Мориссеттэд вакцин тарих үеийн бичлэг интернэтэд тавигдсанаар дуулиан дэгджээ. Ахмад настан тарилгын талаар эмчээс асуулт асуухад тэд хариулаагүйг бичлэгээс харсан хүмүүс эмнэлгийн ажилтнуудыг буруутгаж эхлэв. Вакцины үр дүнд төдий л итгэхгүй, гаж нөлөө үзүүлж магадгүй гэж болгоомжилсон иргэд эмч нарын мэдээлэл өгөөгүй, эсвэл өгөхийг хүсэхгүй байгааг бүр ч илүү шүүмжилж байна. Францад вакцинжуулалт эхэлснээс хойших эхний тав хоногийн хугацаанд дөнгөж 516 хүн л урьдчилан сэргийлэх тарилга хийлгэжээ. Мөн иргэд ахмадын асрамжийн газрынханд вакцин хийхдээ гэр бүлээс нь хүмүүс байлцуулахыг шаардаж буй. Коронавирусийн улмаас 66 мянган иргэн нь нас барсан Франц ирэх сар гэхэд нэг сая хүнийг вакцинжуулахаар төлөвлөж буй ч биелэх, эсэх нь эргэлзээтэй хэвээр.  

Дэлхийн улс орнуудад коронавирусийн вакцинжуулалт эхэлснээс хойш тарилга хийлгэсний дараа хүмүүс учир битүүлгээр нас барсан, хууч өвчин нь гэнэт сэдэрсэн, харшил өгсөн тохиолдлууд гарсаар байна. Хэдийгээр эдгээр тохиолдлуудыг шууд вакцинтай холбоотой гэж үзэх шалтгаан үгүй, талийгаачдын үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж буй ч хүмүүсийн дунд вакцинд үл итгэл, айдас, болгоомжлол нэмэгдсээр байгаа юм.

Нийлүүлэлт

“BioNTech” болон “Pfizer” компани энэ онд 1.3 тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ. Дэлхийн хүн амын 70 хувийг вакцинд хамруулахын тулд эмийн компаниуд вакциныхаа нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар ажиллаж байгаа. Гэлээ ч одоогоор дэлхийн томоохон орнууд вакциныг урьдчилан захиалж, иргэдээ урьдчилан сэргийлж, харин хөгжиж буй, буурай орнууд “хүлээлгийн жагсаалт”-ад үлдэнэ гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. Түүнээс гадна вакцин үйлдвэрлэх түүхий эд, үйлдвэрлэлийн хүчин чадал, ажиллах хүч хангалттай бус, тээвэрлэлт, хуваарилалт ч асуудалтай хэвээр байна.

Сайн жишиг

Коронавирусийн вакцинжуулалтыг тун амжилттай хийж буй улс одоогоор Израиль болж байна. Хүн амынхаа 16 хувийг вакцинд хамруулаад буй тус улс энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүллээ. Вакцины захиалга, тээвэрлэлтийг Засгийн газар нь хариуцаж, төрийн бус зургаан байгууллага эмнэлгүүдэд хуваарилах, хүргэх ажлыг хариуцсан нь зохион байгуулалтын хувьд оновчтой байгааг мэргэжилтнүүд үнэлсэн.

Израилийн иргэд удаан хугацаанд үйлчлүүлсэн эмчдээ хандан тусламж үйлчилгээ авдаг тогтолцоотой тул өвчний түүхийг нь сайтар мэдэх, танил болсон эмч нь вакциныг хийж буй. Тиймээс вакциныг эсэргүүцэх, болгоомжлох зэрэг зүйл ховор байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Мөн тус улс есөн сая хүнтэй учир зөв, оновчтой зохион байгуулсан тохиолдолд вакцинжуулалт тийм нүсэр, адармаатай ажил биш гэдгийг дэлхий нийтэд харуулж байна.

Хомсдол

Иргэд нь вакцинд хамрагдсан үзүүлэлтээр Европтоо тэргүүлж буй ХБНГУ-ын хувьд өөр нэгэн асуудал тулгарч байна. Тус улс эхний ээлжинд ахмадын асрамжийн газарт амьдарч буй өндөр настнууд, эмч, эмнэлгийн ажилтнууд, архаг хууч өвтэй иргэдийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Нэгдсэн журмаар, тогтсон газарт ирж вакцин хийлгэж чадахгүй өндөр настай, өвчин хуучтай хүмүүсийн амьдарч байгаа газарт очиж тарилга хийх явуулын баг гаргасан бөгөөд үүний улмаас эмч, эмнэлгийн ажилтан дутагдаж эхэлжээ. Мөн зүү тариур, эмнэлгийн бусад хэрэгсэл ч хомсдож магадгүй байгааг тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн. Зөвхөн Герман ч бус, Испани, Итали зэрэг Европын орнууд ч ийм асуудалтай нүүр тулж, тэтгэвэрт гарсан эмч нар, анагаах ухааны сургуулийн оюутан, дадлагажигч эмч нарыг вакцинжуулах ажилд “дайчилж” эхэллээ.

Эх сурвалж: ВВС

Хариулах




Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш