Д.ЦЭЦЭГ/NEWSWIRE.MN
1

нийтлэл

192

уншсан

-

сэтгэгдэл

Social мэдээлэл

АН-аас “мэндэлсэн” Асар, Басар хоёр

2021-03-25
192
ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.mn

Энэ цагийн Ардчилсан намд С.Эрдэнэ, Ц.Туваан гэдэг хоёр дарга байлаа. Яг л эрт үеийн үлгэр, домогт Асар, Басар хэмээх сүр хүчтэй дүр шиг. АН засаглаж байсан 2016 онд З.Энхболд УИХ-ын дарга, Намын дарга гэсэн хамгийн том “давхар дээл”-ийг нөмөрч сонгуульд оролцоод навс ялагдахдаа улс төрийн хариуцлага хүлээхээ мэдэгдэхэд үеэс л тэд үлгэр, домгийн дүрээр тодорч эхэлсэн.

Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат тэргүүтэй таван хүн АН-ын дараагийн даргын сунгаанд нэрээ дэвшүүлж, өрсөлдөхөд цорын ганц ялагч тодорсон нь С.Эрдэнэ. Намынхаа сунгаанд нэгээр гарч Их хурлаараа баталгаажсан тэрбээр 01 тоот бүхий тушаал гаргаж, ерөнхий нарийн бичгийн даргаараа Ц.Тувааныг томилж байлаа. 2017 оны эхээр гэж тооцвол Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал хэдийнэ орчихсон байсан үе. С.Эрдэнэ Ц.Туваан нарын нөхөрлөл АН-ын орон зайд илүү дотноссон нь энэ.

Үүх түүхийг нь сөхвөл С.Эрдэнэ Ц.Туваан нар их эртний хамтрагчид л даа. Багаас нь дээшилсэн, барагтаа холдоогүй. Албан тушаалын эрэмбээрээ ч гагнасан гинж шиг явсан байдаг юм. Энгийнээр яривал зүү орох зайгүй нөхөрлөл, басчхүү итгэлцэл тэдний дунд байсан уу гэвэл мэдээж байсан. Ардчилсан хувьсгал улс орон даяар өрнөж эхлэхэд С.Эрдэнэ Багануур дүүрэгт МоАХ-г үүсгэн байгуулж, анхны даргаар нь ажилласан нэгэн. Ц.Туваан ч залуугийн МоАХ-ны угшилтай. Гэхдээ яг хэдий үед тэдний нөхөрлөл үүссэнийг хэлж, мэдэхгүй, тэр мэдээлэл нь хомс ч С.Эрдэнэ албан тушаалын бялуунаас хүртэх бүрт ард нь Ц.Туваан гэсэн автор хадаатай юм шиг зоолттой явж ирсэн үе нь 2012 оноос эхтэй. Сонгуулийн дүнгээр АН ялахад Н.Алтанхуягийн танхимд С.Эрдэнэ Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд болж, хамтрагч Ц.Тувааныгаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Дэд сайдаар томилуулж л байлаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.mn

Гэвч Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас огцроход Ч.Сайханбилэгийн Засгийн газраас Дэд сайдын орон тоог халах шийдвэрийг гаргаснаар Ц.Туваан гудамжинд лааз өшиглөхдөө тулахад улирч үлдсэн С.Эрдэнэ дэргэдээ татаж, яамныхаа Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргаар томилж байв. Төд удалгүй харьяа агентлаг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга болтол дэмжиж, тордсон хүн нь мөн л С.Эрдэнэ. Тэр ингэж л итгэлт хүн Ц.Тувааныгаа дэргэдээ авчраад зогсохгүй албан тушаалыг харамгүй цацаж сонгуультай золгосон, Нам нь үнэмлэхүй ялагдсан. Азаар С.Эрдэнэ УИХ-ын гишүүнээр улирсан нь тэдний хувьд дахин олсны үзээрээс атгасан явдал байсан юм.

Намын даргын сунгаа ч болсон, С.Эрдэнэ торойлгүй ялж тамга атгасан. Ц.Тувааныгаа ерөнхий нарийн бичгийн даргад дэвшүүлэн томилж, Үндэсний бодлогын хороогоороо батлуулсан. “Шонхор” фракц овоглодог С.Эрдэнэ, Ц.Туваан нар ингэж л АН-д замаа засч, барьцаа улам лавшруулсан. Намын даргын хувиар С.Эрдэнэ бодлогоо чиглүүлж, хөрөнгө санхүүтэй холбоотой бүхий л асуудлыг генсек Ц.Туваан зангидсаар гурван жилийг ардаа үдсэн, тэд л АН-ын толгойд зайдалсан нь улс төрийн түүхийн архивт одоо ч шарлаагүй хэвээр байна. Энэ хооронд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй гэсэн шалтгаанаар Ж.Батзандан, Л.Болд нарыг намаасаа хөөхөөс эхлээд сөрөг хүчнээс гарсан шийдвэр бүхэн уг хоёр хүний үзэмжээр явж, гарын үсгээр баталгаажсан нь хусаад ч арилашгүй баримт.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.mn

Эцэст нь Төв аймагт нэр дэвших визээ хэдийнэ өвөртөлсөн Ц.Туваан тойргоо услахаар шаардлагатай болж, ерөнхий нарийн бичгийн даргынхаа суудлыг өгсөн ч гайхал С.Эрдэнэ Намын дэд даргаар дэргэдээ үлдээсэн. Ерөөс С.Эрдэнийн дэргэд байхдаа уруудах биш үргэлж шатаар дээш өгсдөг их хувь заяа зөвхөн Ц.Туваанд байжээ.

Гэвч цаг цагаараа байдаггүй ажээ. Өнөөдөр тэдний нөхөрлөлийн зам хаана салж, бүр ингэтлээ дордох болов. Нам нь сонгуульд ялагдсан шалтгааныг Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойлголцож ажиллаагүй гэж С.Эрдэнэ мэдэгдээд Ц.Туваанаа үүрэг гүйцэтгэгчээр томилоод одсон нь өнгөрсөн оны долдугаар сар. Тийм атал С.Эрдэнийг том албан тушаал хаших бүрт тодорхой хэмжээгээр бялууны зүсмээс хүртэж ирсэн Ц.Туваан гэнэт л журмын нөхрөө тонгорч орхиод өөрөө “Хаан” суучихаад байгаа нь асуудлын зангилаа, АСУУЛТЫН ТЭМДЭГ.

Тэгэхээр улс төрд унаж босох бүрдээ С.Эрдэнийн сэлэмний ир, жадны үзүүр явсан Ц.Тувааны эрх ашиг өнөөдөр хэний талд шилжив гэдэг нь сонирхолтой. Ямар үнээр очив гэдэг нь хардлага төрүүлэм. Ил харагдаж байгаагаар бол Ерөнхийлөгч Х.Баттулгын халаасанд хэдийнэ гүйгээд орчихсон мэт.

АН-ын Асар, Басарын аль аль нь өөрчлөгджээ. Эвдрэлцэж, хагарсан тэд ямар ч үнээр хамаагүй хэн нь хүчтэй, бяртайгаа үзэж байна. Ялагчгүй байж мэдэх энэ тулаанд Ардчилсан хувьсгалтай “амь нэг”-тэй АН-ын хувь заяа алсуурч, мөхөж, сэхэхийн ирмэг дээр ирчихээд байгаа нь Монголын эмгэнэл. Нэгэн цагт нэг эрх ашгийн төлөө нэгдэж, нягтарч, хамтарч, зүтгэж явснаа тэд хаана гээж, бүр булшилчихав. Ардчиллын зарчим, үнэт зүйл нь ч тэднийг эргэж холбохооргүй тийм ан цав, ангалыг үүсгэсэн гэж үү?.

Хагарсан шаазан хэзээ ч буцаж эвлэдэггүй гэдэг шиг тус тусдаа АН-ын даргын сунгааг зарлаж, энэ сарын 28-нд тодруулах юм гэнэ. С.Эрдэнийн талаас тав, Ц.Тувааныхаас дөрөв нийт есөн хүнээс АН-ын дараагийн дарга тодрохоор болов. Ц.Туваан нарын зохион байгуулж байгаа Намын даргын санал хураалтад АН-ын гишүүд биечлэн цаасан хэлбэрээр санал өгөх бол С.Эрдэнийнхэн цахимаар зохион байгуулахаа мэдэгдээд байгаа юм. Эцсийн дүндээ энэ хоёр хүний талаас тодруулсан гэх хоёр даргыг Улсын Дээд шүүх бүртгэх үү? Тийм гэвэл хэнийх нь талд ашигтай тусах бол? Тэр нь АН-ын албан ёсны шинэ дарга байх эрхзүйн чадамжтай юу? зэргээр асуулт хөвөрнө.

Улс төрд мөнхийн нөхөрлөл, дайсан гэж үгүй. Мөнхийн эрх ашиг л байдаг гэж алдарт үг бий. Үүний тод илрэл нь нэгэн цагийн салшгүй хамтрагчид явсан С.Эрдэнэ, Ц.Туваан нараар илэрч байх шиг. Үлгэр үргэлж амар сайхан жаргадаг бол С.Эрдэнэ, Ц.Тувааны зөрчил лав сайнаар төгсөхгүй, эсрэг дүрийн ялагдлаар дуусахгүй гэх баталгаа алга. Хэрхэхийг ёстой хөх тэнгэр л мэдэх байх. АН бүтэн нэртэйгээ үлдэж байвал ардчилалд хайртай хүмүүс төдийгүй Монголын хувьд зол юм.

Хариулах




Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш