ДЭЛХИЙН МЭДЭЭ

Их Британийн засгийн газрын төхөөрөмжүүдээс “TikTok” руу нэвтрэхийг хориглолоо

Аюулгүй байдлын үүднээс Их Британийн засгийн газрын төхөөрөмжүүд дээр Хятадын “TikTok” аппликейшнийг ашиглахыг хоригложээ.

Өндөр албан тушаалтнуудын ажилдаа ашигладаг төхөөрөмж дээрх нууц мэдээлэл Хятадын засгийн газрын гарт орж болзошгүй гэж эмээсний үндсэн дээр Их Британийн засгийн газар дээрх шийдвэрийг гаргасан байна.

Хэрэг эрхлэх газрын дарга Оливер Дауден хориг нь “урьдчилан сэргийлэх” алхам боловч даруй хүчин төгөлдөр болно гэж мэдэгдэв.

Гэсэн ч “TikTok” хэрэглэгчдийнхээ мэдээллийг Хятадын засгийн газарт шилжүүлдэг байж болзошгүй гэх мэдээллийг эрс няцаасаар ирсэн.

Аппликейшний Европ дахь засгийн газрын харилцаа, олон нийтийн бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Тео Бертрам энэ шийдвэрийг “геополитик дээр суурилсан” алхам гэж үзэж байгаагаа “BBC”-д ярьсан байна.

Тэрээр “Бид хүмүүсийн айдас дээр биш, харин баримт дээр үндэслэн шийдвэр гаргахыг хүссэн” гэж нэмж хэлэв.

Лондон дахь Хятадын Элчин сайдын яам мөн шийдвэрийг “баримт гэхээсээ илүү” улс төрийн шалтгаантай гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Хэрэг эрхлэх газрын дарга Оливер Дауден олон нийтэд “TikTok”-ыг ашиглахаас татгалзахыг зөвлөхгүй, гэхдээ сошиал медиа платформуудын мэдээллийн бодлогыг татаж авч, ашиглахаасаа өмнө үргэлж анхаарч үзэх хэрэгтэй гэж зөвлөжээ.

Сайд нар уг аппликейшнд ажлын төхөөрөмжөөсөө нэвтрэх хориотой ч хувийн утсан дээрээ ашиглахыг хориглоогүй тул зарим улстөрчид “Tiktok”-ийг үргэлжлүүлэн ашиглана гэдгээ мэдэгдээд байна.

Мөн Даунинг Стрит буюу ерөнхий сайдын алба, Батлан хамгаалах яам үйл ажиллагаагаа сурталчлах, залууст мэдээлэл хүргэх зорилгоор аппликейшнийг үргэлжлүүлэн ашиглана гэж мэдэгдэв.

Арванхоёрдугаар сард АНУ “TikTok”-т албан ёсны төхөөрөмжүүдээс нэвтрэхийг хориглож байсан бол Европын Комисс өнгөрсөн сард адилхан арга хэмжээ авсан юм. Канад, Бельги, Энэтхэг мөн адил арга хэмжээ авч, Шинэ Зеланд улс өнөөдөр ижил хориг тавьсан байна.

“TikTok” нь Хятадын засгийн газарт хэрэглэгчдийнхээ мэдээллийг дамжуулдаггүй гэж мэдэгдэж байгаа ч Хятадын тагнуулын хууль тогтоомжид зааснаар хүсэлт гаргасан тохиолдолд бизнес эрхлэгчид Коммунист намтай хамтарч ажиллах үүрэг хүлээдэг.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet