ДЭЛХИЙН МЭДЭЭ

Грект галт тэрэгний осолтой холбоотой эсэргүүцлийн жагсаалд 40 мянга гаруй хүн оролцжээ

Хоёрдугаар сарын 28-нд болсон 57 хүний аминд хүрсэн галт тэрэгний осолтой холбоотойгоор пүрэв гарагт Грекийн нийслэл Афинд олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болжээ.

Грекийн хамгийн том үйлдвэрчний эвлэл болох “GSEE” болон “ADEDY”-ийн зарласан 24 цагийн ажил хаялтад олон мянган хүн нэгдсэний улмаас Грек рүү чиглэсэн болон буцах нислэгүүд хаагдаж, усан онгоцнууд боомтууд үйл ажиллагаагаа зогсоож, төрийн үйлчилгээ болон улсын сургуулиуд өнөөдөр ажиллаагүй байна.

Цагдаагийн газрын мэдээлснээр улс даяар 40,000 гаруй хүн эсэргүүцлийн жагсаалд нэгдсэний 25,000 нь Афинд, 8,500 орчим нь Салоники, Патрас хотод цугласан байна.

Төмөр замын аюулгүй байдлын талаар арга хэмжээ авахыг үйлдвэрчний эвлэлүүд удаа дараа анхааруулсан ч консерватив засгийн газар болон тус улсын улс төрийн тогтолцоо асуудлыг үл тоомсорлосноос болж төмөр зам дээр осол гарч, олон хүний аминд хүрсэн гэж эсэргүүцэгчид үзэж байгаа юм.

Афин дахь парламентын ордны гадаах жагсагчдын зарим нь “Энэ бол хүний алдаа биш, гэмт хэрэг”, “Бид үхэж, та нар ашиг хүртэнэ” гэх зэрэг үгтэй уриа лоозон барьсан байна.

Долдугаар сард бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа засгийн газар арван жил үргэлжилсэн өрийн хямралаас болоод төмөр замд хангалттай хөрөнгө оруулалт хийгээгүйгээ хүлээн зөвшөөрч, үүнээс болж доголдол гарсан байхыг үгүйсгээгүй ч ослыг голчлон хүний буруутай үйлдлээс болсон гэж мэдэгдсэн юм.

Мөн төмөр замын дөрвөн ажилтныг хүний амь нас хохироход хүргэсэн хэмээн осолд буруутгаад байгаа.

Харин ослын бурууг төмөр замчдад тохож байгааг нийт төмөр замын ажилчид эсэргүүцэж байгаа бөгөөд засгийн газраас салбарын шинэчлэл хийхийг шаардаж, ажил хаялт зарласан билээ.

Зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ гуравдугаар сарын 1-нээс эхлэн зогссон бол пүрэв гарагт метроны ажилтнууд ажил хаяж, таксины жолооч нар жагсаалд нэгдсэний улмаас нийтийн тээврийн үйлчилгээ бараг бүхэлдээ зогссон байна.

Өнгөрсөн долоо хоногт мөн Афин болон Грекийн бусад хотуудад хэдэн арван мянган хүн эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн бөгөөд энэ нь 2019 онд болсон засгийн газрын эсрэг жагсаалаас хойших хамгийн том жагсаалд тооцогдож байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet