Украины хорлон сүйтгэх бүлэг Оросын хилийн тосгонд “терроризм” үйлдсэн болохыг Путин мэдэгдэв

Пүрэв гарагт Украины хорлон сүйтгэх бүлэг Оросын хилийн бүсэд нэвтэрч, энгийн иргэд рүү гал нээсэн болохыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.
Брянск мужийн амбан захирагчийн мэдэгдсэнээр Украины хорлон сүйтгэгчид хилийн Любечане тосгонд энгийн иргэний машин руу гал нээж, хоёр эрэгтэй амиа алдаж, 10 настай хүүхэд шархадсан байна.
Харин Киев Оросын мэдэгдлийг эрс үгүйсгэв.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн зөвлөх Михайло Подоляк “Twitter” хуудсандаа үүнийг “сонгодог өдөөн хатгалга” гэж нэрлээд, “Орос улс өөр улс руу хийсэн халдлагаа зөвтгөхийн тулд ард түмнээ айлгахаар оролдож байна” гэж жиргэжээ.
Брянск мужаас гадна хил орчмын өөр бүс нутагт Украины арми пуужин болон нисгэгчгүй онгоцноос цохилт өгсөн тухай Орос улс өмнө нь мэдэгдэж байсан. Гэвч Украины хуурай замын цэргийн хүчин Орост нэвтэрснийг нотлох баталгаатай мэдээлэл байхгүй байна.
Пүрэв гарагт Оросын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) “ФСБ”-ын хүчин болон энгийн цэргүүд Оросын нутаг дэвсгэрт нэвтэрч, хүмүүсийг барьцаалсан Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй мөргөлдсөн тухай мөн мэдэгдэв.
Мэдэгдэлд дурдсанаар эдгээр үндсэрхэг үзэлтнүүд дараа нь Оросын их бууны цохилтын улмаас Украин руу буцсан байна. Тэд буцахдаа тосгонд их хэмжээний тэсрэх бодис үлдээсэн болохыг “ФСБ” мэдэгдэв.
Өчигдөр мөн Ерөнхийлөгч Путин Оросын төрийн телевизээр “Өнөөдөр тэд дахин террорист ажиллагаа, дахин гэмт хэрэг үйлдэж, хилийн бүсэд нэвтэрч, энгийн иргэд рүү гал нээсэн” гэж мэдэгдсэн байна.
“Тэд иргэний машин дотор энгийн иргэд, хүүхэд сууж байгааг хараад гал нээсэн. Энэ л хүмүүс биднийг түүхээс арчих зорилт тавьсан. Гэхдээ тэд юунд ч хүрэхгүй, бид тэднийг шахах болно” гэж цааш нь хэлжээ.
“Telegram”-д Украинд төвтэй Оросын сайн дурынхны корпус (RVC)-ын гишүүд орон нутгийн эмнэлгийн гадаа байгаа бичлэг нийтлэгджээ. Бичлэгт нэгэн зэвсэглэсэн эр тэднийг Орос руу нэвтэрсэн гэж хэлж байх нь сонсогдоно.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “Bellingcat Monitoring” нь “RVC”-ийн гишүүдийг “Өнгөрсөн жил албан ёсоор байгуулагдсан, Украинд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Путиний эсрэг, Кремлийн эсрэг Оросын хэт барууны үзэлтнүүдээс бүрдсэн нэгж” гэж тодорхойлсон байна.
“Bellingcat”-ийн мэргэжилтэн Майкл Колборн видеон дээрх эрчүүдийн нэгийг “RVC”-ийн удирдагч Денис Капустин болохыг тогтоожээ. Тэрээр мөн Никитин гэх нэр ашигладаг.
“RVC” мөн Брянск мужид нэвтэрснээ баталсан байна. Олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бичвэртээ дээрх үйлдлээ “зэвсэг барьсан эрх чөлөөт оросууд дэглэмийн эсрэг тэмцэж чадна” гэдгийг харуулахыг оролдсон гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: BBC

Хариулах