Оросын “Tinkoff Investments” еврогийн арилжаагаа зогсоолоо

Оросын “TCS Group Holding”-ийн “Tinkoff” онлайн банк Европын холбооны нэмэлт хориг арга хэмжээтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн еврогийн арилжааг зогсоож байгаагаа ням гарагт мэдэгджээ.
Өнгөрсөн баасан гарагт ЕХ-ны орнууд Оросын эсрэг 10 дахь удаагийн багц арга хэмжээний асуудлаар тохиролцоонд хүрсэн бөгөөд энэхүү багцад “Tinkoff” болон хувийн “Alpha-Bank” зэрэг хэд хэдэн банкийг “SWIFT” төлбөрийн системээс хасах тухай заалт багтсан юм. Мөн эдгээр банкнуудын Европ дахь хөрөнгийг битүүмжилж, тэдэнтэй гэрээ хэлэлцээр хийхийг хориглосон байна.
Тус банк “Евро татан авах боломжтой ч 2023 оны гуравдугаар сарын 27-оос еврогийн арилжааг зогсооно” гэж “Telegram” дахь мэдэгдэлдээ дурджээ.
Тус банкны мэдээлснээр ЕХ-ны хориг арга хэмжээ доллар болон бусад валютын арилжаанд нөлөөлөхгүй байна.
Үүнээс гадна тус банк үнэт цаасны арилжааг хаахгүй гэдгээ мэдэгджээ.
Гэхдээ өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын үнэт цаасны арилжаа хэвийн үргэлжилж, гадаадын үнэт цаасны арилжааг түр хугацаагаар зогсоосон байна.
“Tinkoff” мөн болзошгүй хориг арга хэмжээнд бэлтгэлтэй байсан тул ЕХ-ны сүүлд тохиролцсон хориг компанид ноцтой нөлөө үзүүлэхгүй гээд, өөрийн хөрөнгөө гурван долоо хоногийн дотор хориг арга хэмжээнд өртөөгүй өөр компанид шилжүүлнэ гэж мэдэгдсэн байна.
“Tinkoff” банкийг Ерөнхийлөгч Владимир Путин болон Оросын Украин дахь түрэмгийллийг шүүмжлэгч, бизнес эрхлэгч Олег Тиньков байгуулсан юм. Тиньков нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Украины дайны улмаас Оросын иргэншлээс татгалзсан.
Эх сурвалж: Тасс

Хариулах