ДЭЛХИЙН МЭДЭЭ

Турк-Сирийн газар хөдлөлт: Амь үрэгдэгсдийн тоо 7,800-д хүрчээ

Турк болон Сирийн өмнөд хэсэгт болсон аймшигт газар хөдлөлтөд өртөж, амь үрэгдсэн хүмүүсийн тоо 7,800-г давжээ.

Даваа гарагийн өглөө 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт, мөн өдөр хоёр дахь удаагаа хүчтэй газар хөдлөлт болсны улмаас эмнэлэг, сургууль, орон сууцны хороолол зэрэг олон мянган барилга нурж, олон арван мянган хүн шархдаж, Турк болон Сирийн хойд хэсэгт тоо томшгүй олон хүн орон гэргүй болжээ.

Аврагчид эвдэрсэн зам, цаг агаарын таагүй байдал, нөөц, хүнд техник хэрэгсэл дутмаг зэргээс шалтгаалан хамгийн их хохирол амссан зарим бүс нутагт хүрэхэд хүндрэлтэй байгааг хэлж байна. Зарим газар түлш, цахилгаангүй болжээ.

Тусламжийн албаныхан 12 жил үргэлжилсэн иргэний дайны дараа хүмүүнлэгийн хямралд нэрвэгдээд байсан Сирийн нөхцөл байдалд онцгойлон санаа зовж байгаагаа илэрхийлэв.

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган 10 мужид гурван сарын хугацаатай онц байдал зарласан нь засгийн газарт шинэ хууль батлахдаа парламентыг тойрч гарах, эрх, эрх чөлөөг хязгаарлах, түдгэлзүүлэх боломжийг олгох юм.

Засгийн газар газар хөдлөлтөд өртсөн хүмүүсийг түр байрлуулах зорилгоор аялал жуулчлалын төв Анталья хотод зочид буудлуудыг нээлттэй байлгахаар болсон байна.

Турк улсад амиа алдагсдын тоо 5,894-д хүрч, 34 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн гэж Дэд ерөнхийлөгч Фуат Октай мэдэгдэв. Сири улсын засгийн газар болон босогчдын мэдэлд байгаа баруун хойд хэсгийн аврах албаны мэдээлснээр амь үрэгдэгсдийн тоо дор хаяж 1,932 байна.

Туркийн 12,000 гаруй эрэн хайх, аврах албаныхан, 9,000 цэргийн хамт гамшигт нэрвэгдсэн бүс нутагт ажиллаж байна. 70 гаруй улс орон аврах баг болон бусад тусламж илгээжээ.

Гэвч гамшгийн цар хүрээ нь аймшигтай байгаа бөгөөд аврагчдын хүрээгүй зарим газарт иргэд гар доорх зүйлс ашиглан нурангиас хүмүүсийг аварч байна.

Туркт газар хөдлөлтийн улмаас 5,775 барилга нурсан гэж Туркийн Гамшгаас хамгаалах, онцгой байдлын алба мэдэгдэв.

Сирийн төрийн мэдээллийн агентлаг “SANA”-ийн мэдээлснээр засгийн газрын мэдэлд байдаг Алеппо, Латакиа, Хама, Идлиб, Тартус мужид 812 хүн амь үрэгджээ. Харин сөрөг хүчний хяналтад байгаа баруун хойд хэсэгт дор хаяж 1,120 хүн амь үрэгдсэн бөгөөд амь үрэгдэгсдийн тоо эрс нэмэгдэх төлөвтэй байна гэж Цагаан дуулгатны аврах баг мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet