ДЭЛХИЙН МЭДЭЭ

Украины арми нэг шөнийн дотор Оросын 1,030 цэргийг устгасан болохоо мэдэгдэв

Орос улс шинээр дайчлагдсан олон арван мянган цэрэг болон хөлсний цэргүүдийг Украины зүүн зүгт фронтын шугам руу илгээснээр сүүлийн 24 цагт 1,030 хүнээ алдсан болохыг Украины арми өнөөдөр мэдэгдэв.

Ингэснээр амь үрэгдсэн орос цэргийн тоо 133,190-д хүрсэн байна. Энэ нь нэг дор хамгийн олон орос цэрэг амь үрэгдсэн тохиолдол болохыг Украины Батлан хамгаалах яам мэдэгджээ. Мөн сүүлийн хоёр өдрийн дотор украин цэргүүд Оросын 25 танкийг устгасан байна.

Харин Москва ийм хэмжээний хохирол амссанаа үгүйсгээд, олон тооны украин цэргүүдийг устгасан болохоо мэдэгджээ.

Талууд Донецк мужийн зүүн хэсэгт орших дайны өмнө 75 мянга орчим хүн амтай байсан Бахмут хотын төлөө олон сарын турш тулалдсан. Москва мөн зүүн болон өмнөд фронтын шугамын стратегийн уулзвар дахь Украины эзэмшилд байдаг Вухледарын эсрэг дайралт эхлүүлсэн байна.

Украины зүүн хэсэгт орших, Донецк мужийн хөрш Луганск мужийн захирагч Сергей Гайдай Орос улс томоохон довтолгоо эхлүүлэхээсээ өмнө тус муж руу их хэмжээний зэвсэг, тоног төхөөрөмж тээвэрлэж, хүчээ төвлөрүүлж байгааг өнөөдөр мэдэгдсэн.

Их Британийн Батлан хамгаалах яам мөн Орос улс Донецк мужид бүхэлд нь хяналтаа тогтоохын тулд тус мужийн Украины мэдэлд байгаа хэсгийг эзэлж авахаар бэлтгэж байж магадгүй гэж мэдэгджээ.

Гэхдээ Оросын армид амжилттай довтолгоо хийхэд шаардагдах сум хэрэгсэл, маневрлах боломжтой анги дутагдаж байгааг өдөр тутмын тагнуулын мэдээлэлдээ дурдсан байна.

Мөн “Командлагчид улс төрийн дарамтаас болж бодит бус зорилгод хүрэхийн тулд хүн хүч багатай, туршлагагүй ангиудыг дайчлахаар төлөвлөж байж магадгүй” гэж дүгнэжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet