Украины эрх баригчид Зөвлөлтийн үеийн болон орос хэл дээрх 19 сая номыг номын сангуудаасаа хураан авчээ

Өнгөрсөн арваннэгдүгээр сар гэхэд Украин улс ЗХУ-ын үеийн болон орос хэл дээрх 19 сая орчим номыг номын сангуудаас хураан авсан болохыг Киевийн хууль тогтоогч даваа гарагт мэдэгдэв.
Украины парламентын хүмүүнлэг, мэдээллийн бодлогын хорооны дэд дарга Евгения Кравчукийн хэлснээр 19 сая номын 11 сая нь орос хэл дээрх ном байжээ.
“Зөвлөлтийн үеийн украин хэл дээрх зарим номыг мөн номын сангуудаас татсан” гэж Кравчук тус улсын парламентын Дээд Радагийн цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ дурдсан байна.
Мөн Украины эсрэг зэвсэгт түрэмгийллийг дэмжсэн зохиолчдын номыг бүртгэлээс хасах талаар санал гарсныг хэлжээ.
Одоогоор номын сангуудаас хурааж авсан номуудыг хэрхсэн нь тодорхойгүй байна.
2014 онд Орос Крымийн хойгийг өөртөө нэгтгэсний дараа Украинд орос хэл дээрх номын хэрэглээг хязгаарлаж байв. Харин жилийн өмнө Орос тус улс руу цөмрөн орсноор “Оросжилт”-ыг буюу Оростой холбоотой соёлыг хориглох үйл явц хурдацтай өрнөж байна.
2022 оны дундуур Киевийн эрх баригчид хоёр хөршийн соёлын харилцааг таслан зогсоох, олон зууны турш Украины өвөрмөц байдлыг дарангуйлж ирсэн бодлогыг өөрчлөхийн тулд орос номын борлуулалтыг хязгаарласан билээ.
Украин хэл бол тус улсын цорын ганц албан ёсны хэл боловч номын сангууд дахь номын 44 орчим хувь нь орос хэл дээр, үлдсэн нь украин эсвэл Европын холбооны орнуудын хэл дээр байдаг байна.
Орос, украин хэл хоёулаа зүүн славян хэл бөгөөд ихэнх украинчууд орос хэлээр ярьж чаддаг бол оросуудын хувьд украин хэл нь ойлгоход хэцүү байдаг.
Киевийн олон улсын социологийн хүрээлэнгийн 2019 оны судалгаагаар хүн амын тал орчим хувь нь ихэвчлэн эсвэл зөвхөн украин хэлээр, 30 орчим хувь нь ихэвчлэн эсвэл зөвхөн орос хэлээр ярьдаг байжээ.
Энэ байдлыг өөрчлөхийн тулд эрх баригчид хувийн болон бусад төрийн байгууллагуудад зөвхөн украин хэл ашиглахыг хуульчилсан байдаг. Гэсэн ч орос хэл Киев зэрэг олон хотод маш өргөн тархсан, бизнес, соёл урлаг, хэвлэл мэдээллийн салбарт томоохон үүрэг гүйцэтгэсэн хэвээр байгаа аж.
Эх сурвалж: Reuters

Хариулах