Турк, Сирид амиа алдагсдын тоо 3,800-д хүрсэн бөгөөд энэ тоо найм дахин нэмэгдэж болзошгүй гэж ДЭМБ мэдэгдэв

Сирийн хилийн ойролцоо Туркийн зүүн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 3,800-д хүрсэн бөгөөд цаашид найм дахин нэмэгдэж болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европ дахь онцгой байдлын ахлах ажилтан Кэтрин Смолвуд анхаарууллаа.
7.8 магнитудын хүчтэй эхний газар хөдлөлт орон нутгийн цагаар 04:17 цагт Газиантеп хотын ойролцоо 17.9 километрийн гүнд болсноос ойролцоогоор 12 цагийн дараа 7.5 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт Кахраманмарас мужийн Элбистан дүүрэгт болсон.
Эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байгаа ч Туркийн Ерөнхийлөгч Эрдоган олон улсаас тусламж хүссэн бөгөөд одоогоор 45 улс аврах ажиллагаанд туслахын тулд мэргэжлийн баг, үнэрч нохой, техник хэрэгсэл зэргийг илгээгээд байна.
Эхний газар хөдлөлт хоёр минут орчим үргэлжилсэн бөгөөд Туркт бүртгэгдсэн хамгийн том газар хөдлөлтийн нэгд тооцогдож байна.
Бүс нутаг даяар газар хөдлөлтийн дараа чичиргээ мэдрэгдсээр байгаа аж.
Турк болон Сирид амиа алдагсдын болон шархадсан хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа ба хохирогчдын ихэнх нь дайнд нэрвэгдсэн Сирийн хойд хэсэгт байна. Босогчдын хяналтад байдаг бүс нутгуудад олон хүн амь үрэгджээ.
Хоёр улсын хэмжээнд олон мянган барилга нурж, замууд эвдрээд байна. 2000 гаруй жилийн түүхтэй дурсгалт газар болох Газиантеп цайз мөн газар хөдлөлтөд өртжээ.
Туркийн эрчим хүчний дэд бүтэц, тэр дундаа хийн хоолойд ноцтой гэмтэл учирснаас болж Туркийн өмнөд хэсэгт их хэмжээний түймэр гарсан байна.
Турк улс нь дэлхийн хамгийн идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд оршдог. 1999 онд газар хөдлөлтийн улмаас тус улсын баруун хойд хэсэгт 17,000 гаруй хүн нас барж байв. Харин Туркт бүртгэгдсэн хамгийн том газар хөдлөлт 1939 онд байсан бөгөөд Туркийн зүүн хэсгийн Эрзинкан мужид 33,000 хүн нас барж байжээ.
Эх сурвалж: BBC

Хариулах