Хятадын эрдэмтэд өндөр ашиг шимтэй үнээг клоны аргаар амжилттай хувилжээ

Хятадын эрдэмтэд сүүний гарц өндөртэй гурван “супер үнээ”-г клоны аргаар амжилттай хувилжээ.
Баруун хойд Хөдөө аж ахуй, ойн шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрдэмтдийн үржүүлсэн гурван тугал Ниншя мужид нэгдүгээр сарын 23-нд мэндэлсэн болохыг төрийн мэдлийн “Ningxia Daily “сонин мэдээлэв.
Тугалнуудыг Нидерландаас гаралтай Голштейн Фриз үүлдрийн өндөр ашиг шимтэй үнээнээс хувилсан бөгөөд эдгээр нь жилд 18 тонн, амьдралынхаа туршид нийт 100 тонн сүүний гарцтай байна.
АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлэлтэй харьцуулж үзвэл энэ нь 2021 оны АНУ-ын дунджаас бараг 1.7 дахин их үзүүлэлт аж.
Клоны аргаар хувилсан тугалнуудын эхнийх нь 56.7 кг жинтэй байсан тул арванхоёрдугаар сарын 30-нд хагалгаагаар гаргаж авсан болохыг Ниншя мужийн Вулин хотын албаны хүн мэдэгджээ.
Эрдэмтэд өндөр ашиг шимтэй Голштейн Фриз үүлдрийн үнээний чихний эсээс 120 ширхэг үр хөврөл гаргаж аваад, түүнийгээ үнээнүүдэд суулгасан байна.
Төслийн ахлах эрдэмтэн Жин Япин бага зардлаар “супер үнээ” гаргаж авсан явдлыг импортын үнээнээс хараат байдлыг бууруулах, эдийн засгийн хувьд ач холбогдолтой чухал нээлт гэж дүгнэжээ.
Хятадад 10,000 үнээ тутмын тав нь л амьдралынхаа туршид 100 тонн сүү гаргаж чаддаг бөгөөд тэдгээр цөөн тооны үнээг үржүүлэх боломжтой байдаг. Гэвч зарим өндөр ашиг шимтэй үнээг тэр бүр эрт тодорхойлж чаддаггүй нь асуудал болдог байжээ.
“Global Times” сонинд мэдээлснээр Хятадын саалийн үнээний 70 орчим хувийг гадаадаас импортолдог байна.
Тэгвэл Хятадын эрдэмтэд 2-3 жилийн хугацаанд 1,000 гаруй супер үнээ гаргаж авч, дээрх харьцааг бууруулж, нийлүүлэлтийн сүлжээгээ баталгаажуулахаар төлөвлөжээ.
АНУ зэрэг олон оронд сүүний өндөр гарцтай, өвчинд тэсвэртэй амьтад гаргаж авахын тулд ердийн амьтдыг клоны аргаар үржүүлдэг.
Хятадын хувьд сүүлийн жилүүдэд амьтдыг хувилах чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гаргаад байгаа. 2017 онд Хятадын эрдэмтэд сүрьеэ өвчинд тэсвэртэй үхэр гаргаж авч байсан бол өнгөрсөн жил Хятадын нэгэн компани дэлхийд анх удаа Хойд туйлын чоныг клоны аргаар бүтээсэн байна.
Эх сурвалж: CNN

Хариулах