ДЭЛХИЙН МЭДЭЭ

Украины дайны улмаас цөмийн аюул нэмэгдсэн тул “Мөхлийн цаг”-ийг 10 секундээр урагшлуулжээ

Орос Украинд довтолсноор цөмийн дайны эрсдэл нэмэгдсэн, мөн цар тахал, цаг уурын тогтворгүй байдал зэргийг харгалзан цөмийн эрдэмтэд “Мөхлийн цаг”-ийн зүүг 10 секундээр урагшлуулсан байна.

Ингэснээр шөнө дунд болоход ердөө 90 секунд үлджээ.

“Цөмийн судлаачдын эмхэтгэл” сэтгүүлээс бүтээсэн уг цаг нь хүн төрөлхтөн дэлхийн сүйрэлд хэр ойрхон байгааг харуулж, сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд шөнө дунд нь хүн төрөлхтний мөхлийг илэрхийлдэг.

Эрдэмтэд жил бүр улс төрийн нөхцөл байдал, хөнөөлт зэвсэг, шинэ технологи, уур амьсгалын өөрчлөлт, цар тахал зэрэг дэлхий дахинд нүүрлээд буй аливаа аюул заналхийлэл, гамшгийн эрсдэлийг үнэлж дүгнэсний үндсэн дээр цагийн зүүг урагшлуулах эсвэл ухраах шийдвэрийг гаргадаг байна.

Энэ жил Оросын Украин дахь түрэмгийллийн улмаас цөмийн дайны эрсдэл нэмэгдсэн нь цагийн зүүг урагшлуулах гол шалтгаануудын нэг байжээ.

Түүнчлэн био лабораторийн талаарх ташаа мэдээллийг дагаад биологийн зэвсгийн эрсдэл нэмэгдсэн; дайны улмаас байгалийн хийн үнэ өссөнөөр цахилгаан станцууд эргээд нүүрс хэрэглэж эхэлсэн; цар тахлын дараа аж үйлдвэрлэл сэргэж хурмал түлшний хэрэглээ нэмэгдсэнээр нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсийг тус байгууллага онцолсон байна.

Чикаго хотод төвтэй ашгийн бус байгууллагын зөвлөл нь цөмийн технологи, цаг уурын шинжлэх ухааны салбарын эрдэмтэд болон бусад мэргэжилтнүүдээс бүрддэг байна. Эрдэмтдийн зөвлөлд мөн Нобелийн шагналт 13 хүн багтдаг аж.

2020 оноос хойш цагийн зүүг анх удаа урагшлуулж байгаа нь энэ бөгөөд цагийн зүү гурван жилийн турш шөнө дунд хүртэл 100 секунд үлдсэн гэж зааж байв.

“Мөхлийн цаг”-ийг 1947 онд дэлхийн анхны цөмийн зэвсгийг бүтээх Манхэттэн төсөл дээр ажиллаж байсан Альберт Эйнштейн тэргүүтэй хэсэг цөмийн судлаачид бүтээж байсан ба тухайн үед шөнө дунд болоход долоон минут дутуу байжээ.

Харин 1991 онд Хүйтэн дайн дуусаж, АНУ, ЗХУ цөмийн зэвсгийг хорогдуулах тухай гэрээнд гарын үсэг зурснаар цагийн зүүг 10 минутаар ухрааж байв. Энэ нь цагийг бүтээснээс хойш хүн төрөлхтөн мөхлөөс хамгийн хол байсан үе юм.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet