ХҮҮХЭД

С.Мойлтмаа: Ажилтандаа анхаарал хандуулж хариуцлагатай байхыг хүсвэл хүүхдийг нь л анхаар

Гэрэл зургийг MPA.mn

НҮБ-ын Хүүхдийн Сангийн хувийн хэвшил хариуцсан мэргэжилтэн С.Мойлтмаатай “Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлого”-ын талаар ярилцлаа. Орчин цагт бизнесийн зах зээлийн чиг хандлага хаашаа чиглэж буйг уг ярилцлагаас хүлээн авч унших боломжтой.

-“Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлого”-ыг хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ? 

-Гэр бүлд ээлтэй ажлын байр бий болсноор бага насны хүүхдийн эндэгдэл буурч, өсөлт хөгжлийн хоцрогдол, шим тэжээлийн дутагдал арилдаг талаар маш олон судалгааны үр дүнгүүд баталсан байдаг. НҮБ-ын Хүүхдийн Сан хүүхдийн хоол, хүнс, тэжээл, эрүүл мэнд, сурч боловсрох эрх, аюулгүй байдал зэргийг хамгаалж, хангахаар ажилладаг. Энэ бүх зүйлийг нэг дор бууруулж чадах бас нэг чухал оролцогч талуудын нэг бол ажил олгогч, аж ахуйн нэгжүүд юм.

-Ажлын байрны бодлогыг байгууллагууд ямар үе шаттайгаар, хэрхэн хэрэгжүүлдэг бол?

-Уг бодлогыг хэрэгжүүлэх нь Хөдөлмөрийн хуулиа хэрэгжүүлэхээс эхэлнэ. Энэ хуульд бүхий л холбогдох заалтууд багтсан.
Мөн Хөдөлмөрийн хуулиас давсан сайн жишгийг хэрэгжүүлж болно. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ажил олгогчид ажилтнуудаа хүүхдээ хөхүүлэх боломжоор хангах ёстой гэж заасан. Гэхдээ хуульд тусгахаас өмнө зарим ААН-үүд аль хэдийнээ хэрэгжүүлээд эхэлсэн байсан.
Эцэг, эхчүүдэд хуулиар олгодог цалинтай чөлөөг бизнесүүд хуулиас давуулж буюу 4-6 сарын хугацаатай олгож байна. Ажилтан гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж, ажил, амьдралаа тэнцвэртэй авч явахад нь эерэг нөлөө үзүүлэхээр ажил олгогчид цалинтай чөлөө олгодог. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн Сан зөвхөн хуульд заасан биш, хуулиас давсан санаачилгыг хэрэгжүүлэхийг уриалдаг.

-Байгууллагадаа гэр бүлд ээлтэй, ажилтнуудынхаа ар гэрт чиглэсэн оновчтой бодлогыг хэрэгжүүлж буй сайн жишээнээс хуваалцаач?

-Байгууллага гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлэхэд гурван үндсэн эх үүсвэр бий.
Нэгдүгээрт, цаг хугацаа. Албан байгууллага ажилтнууддаа гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулах цаг хугацааг нь гаргаж өгөх хэрэгтэй.
Тухайлбал, уян хатан ажлын цаг. Ажилтныг уян хатан ажлын цагаар хангах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон. Энэхүү заалтад ажил олгогчид ажилтандаа ажил, амьдралаа тэнцвэртэй авч явах боломжийг хангах үүрэгтэй хэмээн тодорхойлсон. Тухайн ажилтан гэртээ харих завгүй ажиллаж байна уу гэдэг нь ажил олгогчийн үүрэгтэй хамааралтай болж байна. Тэгэхээр ажил олгогчид үүргээ биелүүлэхийн тулд уян хатан ажлын цаг, ажлын байраар хангах шаардлагатай болж байгаа юм.
Мөн гурав хүртэлх насны хүүхэдтэй ээжийг гэрээс нь ажиллуулах боломжтой талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан. Ковид-19-ийн халдварын үед бид гэрээсээ, цахимаар ажиллах талаар маш сайн суралцсан. Нэг ээж гурван жилийн хугацаанд ямар ч орлогогүй, хамт олонгүй шахам болсноос гэрээсээ ажиллах боломжтой байх нь тогтмол орлоготой байх, хамт олноосоо тасрахгүй байх, ажил мэргэжлийн хувьд хоцрогдохгүй байх зэрэг олон давуу тал бий болох юм.
Хоёрдугаарт, санхүүгийн боломж. Манай улсад байгууллагынхаа ажилтны хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгодог байгууллагууд бий. Цалингаас гадна сар болгон хүүхдийнх нь тоогоор мөнгөн тэтгэмж, сургалтын төлбөрийн тэтгэлэг ч олгодог.
Монгол Улсад эцэг, эхийн цалинтай амралт эдлүүлдэг байгууллага маш ховор. Олон улсад хүүхэд төрүүлсэн ээжид амаржсанаас нь хойш зургаан сарын цалинг нь олгож хүүхдээ амар тайван асрах боломжийг олгодог хууль эрх зүйн орчин аль хэдийнээ бүрэлдсэн байна. Энэ нь тухайн байгууллага тэр ээжийн оронд дахиад шинэ ажилтан аваад сургаад ажиллуулах зардалтай бараг дүйцдэг. Тэгэхээр энэ нь байгууллагад хохирол огт болохгүй. Харин энэ нь үнэ цэнтэй ажилтнаа буцаагаад ажилд нь оруулахын тулд цалинг нь олгож байгаа хэлбэр болно. Манай улсад “Тэр хүн гэртээ зүгээр сууж байхад бид яах гэж цалин өгөх юм” гэсэн хандлага ажиглагддаг. Гэтэл энэ нь тухайн ээжид, хүүхдэд нь, компанид, нийгэмд хүртэл маш том эерэг үр нөлөө үзүүлэх хүчин зүйл юм.
Гуравдугаарт, таатай ажлын байр, орон зайгаар хангах. Байгууллага дээрээ хүүхдээ хөхүүлэх өрөө, хөхний сүүгээ саагаад хөлдөөх боломжтой орчин нөхцөл, хүүхэд харах үйлчилгээг ч дэргэдээ байгуулж болж байна.
Бизнесүүд өөрсдийн боломжид тааруулж алхам хийх нь чухал. Зарим бизнесүүд байгууллагынхаа дэргэд цэцэрлэгтэй болж эхэлж байна. Энэ бол бидний цаашид олон байгууллагад дэлгэрүүлэхийг хүсдэг санаачилга. Учир нь манай улсад цэцэрлэгийн хүртээмж хязгаарлагдмал байдаг. Зөвхөн улсаас хамааралтай хүртээмжид суурилдаг учраас бизнесүүдийг цэцэрлэг байгуулж, улсад хариуцуулж үйл ажиллагааг нь ханган ажиллахыг зөвлөж буй юм.
Бид үүний тулд, БШУЯ-тай хамтраад шилдэг 100 ААН-д энэхүү зарчмуудыг хэрэгжүүлэхийг уриалан ажиллаж байна. Зарим байгууллага цэцэрлэгтэй болоод, зарим нь цэцэрлэг байгуулах амлалтаа өгсөн.
Байгууллагынхаа дэргэд цэцэрлэгтэй бизнесийн хүний нөөцийн халаа сэлгээ хэд дахин буурдаг. 

-Хуулиа дагаж, эдгээр бодлогыг хэрэгжүүлснээр ямар сайн өөрчлөлтүүд гарах талаар манай уншигчдад жишээгээр тайлбарлаж өгөөч? 

-Манай байгууллагад хүүхдээ авчирч хөхүүлдэг, хөхний сүүгээ саадаг ээж байдаггүй гэж хариулдаг байлаа. Ажилтан Дулмаа хөхөө хаана, хэрхэн саадаг байх нь ажил олгогчид огт хамаагүй юм шиг ойлгодог. Гэтэл энэ нь ажилтны сэтгэл санаа, ажлын бүтээмжид нөлөөлөхөөс гадна ажил олгогчийн ашиг орлогод хүртэл нөлөөлдөг хамааралтай асуудал юм.
Хамгийн түрүүнд байгууллагынхаа ажилтнуудын хүүхдийг тоолж, амьдралынх нь нөхцөл байдлыг тодорхойлохоос эхлэх юм. 

-Ярилцлагаар дамжуулан бизнесүүдэд ямар уриалга дэвшүүлэх вэ? 

-Гэр бүл, хүүхдэд ээлтэй ажлын байр бий болгосноор, бизнесүүд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Хөрөнгө оруулагч нар энгийн нэг бизнесүүдэд хөрөнгөө оруулахаас илүү хүүхдийн эрхийг хүндэтгэдэг бизнесүүдэд хөрөнгө оруулах замаар тухайн бизнесээ ч дэмжиж давхар хүүхдийн эрх, хүний эрх, байгаль орчиндоо эерэг үр нөлөө бий болгохыг хүсдэг болсон.  Тиймээс хүүхдийн эрхийг дэмждэг бизнесүүд хөрөнгө оруулалт татахад илүү дөхөмтэй болсон.
Мөн экспортод гарах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөгжсөн улс орнууд тэр дундаа Европын Холбооны улсууд энэ шаардлагыг тавьж байна. Тиймээс гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлэгч байгууллагууд экспорт хийхэд нэг алхам ойр болж байна гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 15 (7000)

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet