ДЭЛХИЙН МЭДЭЭ

Америкчуудын ердөө 40% нь Байденыг дэмжиж байна

Гэрээс нь нууц бичиг баримтууд олдсонтой холбоотойгоор энэ долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены үнэлгээ 40% хүртэл унажээ.

“Reuters/Ipsos” агентлаг гурван өдрийн хугацаанд үндэсний хэмжээнд санал асуулга явуулж, үр дүнг нь өнөөдөр танилцуулсан байна.

Өдгөө 80 настай Байден дахин нэр дэвших төлөвлөгөөгөө ирэх сард зарлаж магадгүй гэж эх сурвалжууд хэлж байгаа ч ерөнхийлөгчийн талаарх олон нийтийн үзэл бодол тийм ч таатай биш байгаа нь сүүлийн санал асуулгаар тодорхой боллоо.

Байдены өмгөөлөгчид арваннэгдүгээр сарын эхээр Делавэр муж улсын Вилмингтон дахь гэрээс нь засгийн газрын нууц бичиг баримтууд олсныг энэ сард Цагаан ордон мэдэгдсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд Конгресс дахь Бүгд найрамдах намын бүлэг ерөнхийлөгчийг ихэд шүүмжилсэн.

Байден ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа Ковид-19 цар тахал, инфляцын өсөлт зэрэг томоохон асуудлуудтай тулгарч байгаа бөгөөд өнгөрсөн жилийн тав болон зургадугаар сард түүний үнэлгээ 36%-д хүрч байжээ.

“Reuters/Ipsos” агентлагийн сүүлийн санал асуулгын дүн мөн Америкчууд Цагаан ордны бусад удирдлагуудад сэтгэл дундуур байгааг харуулжээ.

Санал асуулгад оролцогчдын дөнгөж 20% нь Бүгд найрамдах намаас сонгогдсон АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКартиг дэмжиж байна гэж хариулсан байна. Харин 35% нь Төлөөлөгчдийн танхим, 38% нь АНУ-ын Сенатын үйл ажиллагаанд эерэг байр суурьтай байна гэж хариулжээ.

Америкийн Нэгдсэн Улс даяар явуулсан санал асуулгад 1,035 насанд хүрэгч оролцсон байна. Санал асуулга аль ч тохиолдолд гурван хувийн алдаатай байж болох гэнэ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet