УЛС ТӨР

ФОТО: Үндсэн хуулийн өдөрт зориулан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид агсны цээж баримлыг Үндэсний музейд байрлууллаа

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн түүхэн өдрийг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхйилөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар түүхэн үнэний үнэт баримт 1992 оны “ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХ ХУУЛБАР”-ыг “Ардчилсан Монгол улс” байнгын үзүүллэгийн танхимд ёслол төгөлдөр залж, олон нийтийн хүртээл болгов. Мөн “Үндсэн хуулийг эхийг баригч” Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Чимид агсаны цээж баримлыг тус танхимд байрлуулж музейн сан хөмрөг шинэ үзмэрээр баяжлаа. Уг баримлыг “Чимэд сан” санаачлан Төрийн шагналт зураач, уран барималч Ш.Тэнгисболд бүтээжээ.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын төлөөлөгчид болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа болон бусад албаны төлөөлөгчид, Б.Чимэд агсны гэр бүл, үр хүүхдүүд, шавь нар хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.

Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрдөгджээ. Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хуулиар цогцлоон бүтээжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 1992 оны “Үндсэн хуулийн эх хуулбар”-ыг Монголын Үндэсний музейд 2022 онд шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойгоор хүлээлгэн өгсөн билээ. Энэхүү хуулбэр эхийг музейн уг танхимын үзүүллэгт дэглэснээр Үндсэн хуулийг олон нийтэд түгээх, сурталчлах үйл ажиллагаа тасралтгүй хийгдэх юм.

Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай Бүгд Найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчилж, Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар товч зохицуулсанаас гадна улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлын улс төрийн баталгаа нь болсон юм. Тус Үндсэн хуулийг батлахын тулд Ардын их хурал 76 хоногийн турш хэлэлцэж байв. Хуулийн төслийг мөн бүх ард түмнээр хэлэлцүүлсэн агаад 900 гаруй мянган хүн оролцож 500-аад мянган хүн үг хэлж 5177 санал төвд ирүүлж байсан юм. Тэгэхээр 1992 оны Үндсэн хууль бол Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл гэж хэлж болно.

Энэхүү Эрх зүйн шинэтгэлийг хуульчлан баталгаажуулах төслийг Монгол Улсын Гавьяат хуульч, Ардын багш, Төрийн Сайн Түшмэл, Бяраагийн Чимид гардан гүйцэтгэсэн тул түүнийг “Үндсэн хуулийн эхийг баригч” хэмээн хүндэтгэдэг билээ.

Монголын ард түмний ард нийтээрээ сонгон байгуулдаг Бүгд Найрамдах төрийн цоо шинэ хэлбэрийг сонгож, Үндсэн хуульт байгууллыг тогтоон ард иргэний эрх чөлөөг хуульчлан хамгаалж, улс төр, эдийн засаг, эрдэм соёл юугаа дэлхийн жишиг, нийтийн байдлын шинэ ёсонд дэвшүүлэх үндсийг тавьсан олон талын гүн утга агуулга, учир холбогдлоороо үндэсний ой санамжаас үл мартагдах, эрх чөлөөт иргэн бүрийн бахархан дурсах түүх болон үлдэх учиртай билээ.

2023 оны нэгдүгээр сарын 13. Үндсэн хуулийн өдөрт зориулан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид агсны цээж баримлыг Үндэсний музейд байрлууллаа. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet