ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хоригдол солилцоогоор суллагдсан Оросын зэвсгийн наймаачин Виктор Бут Украинд тулалдах амлалтаасаа буцлаа

Өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын сагсан бөмбөгийн тамирчин Бритни Гринерийг эх оронд нь шилжүүлэх үеэр Орос улс АНУ-д хоригдож байсан зэвсгийн наймаачин Виктор Бутыг мөн шилжүүлж авсан билээ.

Тэгвэл суллагдаад удаагүй байгаа Бут сарын өмнө Украинд сайн дураараа тулалдана гэж мэдэгдэж байсан бол уг амлалтаа үгүйсгэжээ.

Лхагва гарагт Оросын “Комсомольская правда” сонины радиогийн ярилцлагад орохдоо тэрээр Орос Украин руу түрэмгийлсэн явдлыг сайшааж, бахархаж байгаагаа ярьсан байна.

Энэ үеэр нэгэн сонсогчийг холбосон бөгөөд сонсогч түүнд хандан өмнөх амлалтыг нь сануулаад, “Соледарт Вагнертай нэгдэж, эх орныхоо төлөөх эх оронч гэдгээ батал” гэж хэлжээ.

Үргэлжлүүлэн Бутаас “Вагнер”-т элсэх хүсэлт ирсэн эсэхийг асуухад тэрээр “Үгүй ээ, нэгдэх санал ирээгүй. Дахин хэлэхэд, та хаана хамгийн их ашиг тустай байж болох, таны ур чадвар, мэдлэгийн аль нь хэрэг болох вэ гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж цухалдангуй хариулсан байна.

Энэ нь ердөө сарын өмнө Оросын төрийн телевизэд өгсөн ярилцлагаас нь ихээхэн зөрж байгаа юм.

Тухайн үед Бут “Хэрэв боломж гарвал би өөрт байгаа ур чадвараа хуваалцаж, сайн дураараа тулалдахад бэлэн байна” гэж хэлж байжээ.

“Үхлийн худалдаачин” хочит Бут нь 1990-ээд оноос зэвсгийн наймаа хийж байсан бөгөөд түүнийг 2008 онд тусгай ажиллагааны үеэр баривчилж байв. Дараа нь АНУ-ын эсрэг террорист байгууллагуудад галт зэвсэг худалдсан хэргээр түүнд 25 жилийн ял оноосон юм.

Түүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Иллинойс мужийн Марион дахь холбооны хорих ангид хоригдож байхад нь хоригдол солилцоогоор Орост шилжүүлэн өгсөн.

Бут суллагдсанаасаа хойш Оросын армийг нээлттэйгээр дэмжиж, Кремлийг дэмжигч, хэт үндсэрхэг үзэлтэй Либерал ардчилсан намд элссэн байна.

Эх сурвалж: Insider

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet